sonin.mn
Төрийн бюрократ тогтолцооны хөгжлийн түүх Монголчуудаас улбаатай хэмээн америкийн зарим сурах бичгүүдэд дурдагдсан байдаг юм билээ. Морин дэлээсээ тушаал, заавар өгдөг байсан монгол жанжны арга барилаас төрийн захиран тушаах босоо тогтолцоо үүссэн хэмээн үздэг.
 
Харин хаант төрийг мэргэшсэн албаттай болгоход хувь нэмрээ оруулсан улс бол Хятад хэмээн түүхэнд тэмдэглэжээ. МЭӨ 196 онд  Хан улсын үед мэдлэг чадвартай хүмүүсийг эзэн хааны албанд татах хааны зарлиг анх гарч байсан байна. Сүн гүрний үед шалгалтын тогтолцоо боловсронгуй болж хууран мэхлэхээс сэргийлэн шалгуулагч нарынхаа нэрсийг нууцалж өнөөгийн бидний нэрлэдгээр кодолж байсан байх юм. 1002 онд 14500 гаруй залуучууд 24-72 цаг үргэлжлэх эзэнт гүрний шалгалтад орж байсан гэхлээр их ч өрсөлдөөнтэй болж байж. Улмаар Mонголчуудын эрхшээсэн Юань гүрний Аюурбарбад Буянт хааны үед нийгмийн анги давхаргаас төлөөлөн хааны албанд ажиллах эрхийн хувь хэмжээ тогтоон улам боловсронгуй болгосон аж.  
 
Хятадын сонгон шалгаруулалтын  загварыг хөрш орнууд Солонгос, Япон, Сингапур барууны орнуудаас Англи, Герман улмаар Америк улс зуун дамнан хуулбарлан нутагшуулжээ. Ингэснээр эдгээр улсын төрийн алба төгөлдөржин улс орны хөгжин дэвжихийн үндэс суурь болсон гэлтэй.Үнэхээр сонгон шалгаруулалтын арга санаанд оромгүй үр дүнг нийгэм, улс төр, оюун санааны хүрээнд авчирчээ.
 
Зөвхөн язгууртны хүүхдүүд түшмэд болдог уламжлал ул болж мэдлэг чадвартай бол ардын хүүхэд ч төрд зүтгэх болсон нь олон мянган залуучуудын ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлж, оюуныг шүтэн тэмүүлэх сэхээтний давхаргыг бүрдүүлжээ. Харин өргөн хүрээнд нь шинжих аваас нийгэмд тогтсон анги давхаргын ялгаа, гадуурхалтыг бууруулж, эв нэгдлийг хөхиүлэн, шударга ёсыг тогтооход үнэлшгүй хувь нэмэр оруулсан гэлтэй. 
 
Сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнууд сонгон шалгаруулалтаа хараат бус болгож чадсанаар мэргэшсэн, тогтвортой, улс төрийн нөлөөллөөс ангид төрийн албаа хөгжүүлэх боллоо.Үүний нэг жишээ Бразил Улс.
 
Бразилд дипломатуудаа бэлтгэдэг гадаад харилцааны Рио Бранко хэмээх алдартай сургууль бий. Олон жилийн өмнө баячуудын хүүхдүүд гадаад харилцаанд ажилладаг байсан бол харин эдүгээ шилдэг нь шигшигдэн ажилладаг тогтолцоо төлөвшжээ. Тус сургуулийн элсэлтийн шалгалтын агуулгыг Бразилийн Их сургуулийн дэргэдэх “CESPE” хэмээх хараат бус сорилын төвөөс боловсруулдаг ба өндөр нууцлалтай. Нууцлалыг хадгалах хариуцлагатай үүргээ ч тэд нэр төртэй биелүүлдэг. Сонгон шалгаруулалт шударга явагддагт итгэдэг учраас оноо дутсан хэн ч өөрийгөө бэлдсээр удаа дараалан шалгалт өгч байж тэнцэх нь олонтаа.
 
Тус сургуулийн шалгалт улс төрчид, эрх мэдэлтний нөлөөллөөс үнэхээр ангид байж чаддаг эсэхийг намайг сонирхон асуухад захирал ноён Гонсало Маурао өөрөө дөрвөн удаа шалгалт өгч байж тэнцэн орсон түүхээ  ярьж билээ. Түүнчлэн төрсөн хүүгээ өнгөрсөн жил шалгалтдаа унасныг ч жишээлэн хэлсэн. Хүү нь шалгалт өгөх болсон тул шалгалтыг зохион байгуулах комиссын даргын үүрэгт ажлаас “сонирхлын зөрчлөө илэрхийлэх” зарчмын дагуу өөрөө мэдүүлэг өгч чөлөөлөгдсөн гэнэ. 
 
Орчин үед хөгжилтэй улс орнуудад тархи ангуучилдаг компаниуд олширчээ. Тэд нийгмийнхээ сор болсон мэдлэг чадвартай, авьяаслаг залуучуудыг хайн олж хүний нөөцийн сан бүрдүүлдэг байна. Үүнийгээ “тархи ангуучлах” хэмээн нэрлэнэ. Тэдний зорилго нийгмийн шавхагдашгүй баялаг болсон оюуны нөөцийн эрэл хайгуул хийхэд оршино. Яг л үнэт эрдэнэс олборлож байгаатай адил мэдлэг чадварын төвшинг тогтоон ангилж, тохирох ажлын байранд нийцүүлэн зах зээлийн нийлүүлэлт хийнэ. Нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээгээ дагаад тархи ангуучлагч нартай хараат бус сорилын байгууллагууд хоршин ажиллах боллоо.
 
Тэд тухайн албан тушаалд шаардагдах мэдлэг чадварын сорилыг боловсруулан шалгалт авдаг бас шалгалтад бэлтгэх үйлчилгээ ч үзүүлдэг. Сургамж авууштай нь төрийн байгууллагууд эдгээр хүний нөөцийн компаниудад захиалгаа өгдөг, тэд ч захиалгын дагуу сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулдаг болжээ. Үүний нэг жишээ Чили улс болж байна. 
 
Ардчилсан нийгмийн хөгжлийг дагаад төрийн албан хаагч хуулийг хэрэгжүүлэгч төдий идэвхгүй субъект биш харин өөрчлөлтийг өдөөгч, ухааныг уралдуулагч, идэвхтэй хүчин болж эхэллээ. Чадварлаг менежер, манлайлагч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэхүйтэй байх хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж шалгалтын агуулга ч түүнд нийцэн өөрчлөгдөх болов. Хуулийг хоосон цээжлэх биш харин асуудлыг олон хувилбараар шийдвэрлэх чадвар, бүтээлч сэтгэхүй, эрсдэлийг даван туулах, удирдан зохион байгуулах чадварыг тогтооход шалгалтын агуулга чиглэх болжээ.
 
Тухайлбал: Рио Бранко сургуульд жил бүр 3000-5000 хүртэл залуучууд шалгалт өгдөг бөгөөд хамгийн шилдэг 20 орчим нь элсэн орно. Элсэлтийн шалгалтаар хэн олон онол ашиглаж олон хувилбар дэвшүүлж, давуу болон сул талыг тодорхойлж чадсан нь илүү оноо авна. Өөрөөр хэлбэл онолыг амьдралд хэрэгжүүлэх, баталгаа нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргах чадварыг  чухалчилна.        
 
Энэ мэт жишээнээс харахад төрийн албаны шалгалтын агуулга хүний нөөцийн хөгжлийн стандартыг шинэчлэн тогтоох боллоо. Өөрөөр хэлбэл өндөр мэдлэг чадвартай нь төрийн албанд орж ажиллана гэсэн үг. Түүнийг дагаад их дээд сургуулийн сургалтын агуулга шинэчлэгдэх зах зээлийн шахалтад орох болов. 
 
Төрийн албаны шалгалт иргэдийнх нь мэдлэгийн “дээд” хэмжүүр, тухайн улсын хүний нөөцийн хөгжлийн стандарт болж байж улс орон мэдлэгт суурилсан хөгжлийнхөө зам уруу эрчимтэй ордгийг олон улсын жишээн дээр харж болно. Ялангуяа байгалийн баялаг хомс Сингапур, Солонгос, Япон зэрэг улс хүний нөөцийн хөгжилд ихээхэн анхаарч хэзээ ч шавхагдашгүй, хязгааргүй мэдлэгийн орон зайгаар дэлхийд тэргүүлж явна.   
 
Яагаад хөгжиж буй улс оронд төрийн шинэчлэл амжилтад хүрдэггүй вэ гэсэн асуултад төрийн алба хэтэрхий нүсэр, шат дамжлага ихтэй, бүтээмж муутай, улс төрийн нөлөө ихээс тогтворгүй, авилгад автсан байдаг гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкны судлаачид гаргасан байна. Хөгжихийн тулд төрийн албаа мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус болгох хэрэгцээ шаардлага эдгээр орны өмнө тулгардаг.
 
Харин энэхүү шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэх нь “шүдний өвчин” болдог ба хяналтын байгууллага нэмж байгуулсаар, хуулиа нэмж баталсаар суудаг аж. Үүнийг эрдэмтэд “Бюрократ синдром” хэмээн нэрлэнэ. Асуудал тогтолцоонд байгааг ойлгохгүй эсвэл ойлгохыг ч хүсэхгүйгээр үр дагавартай нь зууралдахыг хэлээд байгаа юм. Төр томорсоор, бюрократ синдром ужиграсаар чөтгөрийн тойрогт ордог. 
 
Чухамхүү чөтгөрийн тойргоос гарах түлхүүр нь хараат бус сонгон шалгаруулалт болж байна. Үнэхээр хараат бус байж чадвал шүү дээ. Яг л орооцолдсон утасны үзүүрийг олоод татчихвал өөрөө аяндаа хөвөрдөг шиг. Энгийнээс эхлэх энэ өөрчлөлт олон эерэг үр дүнг авчирна. Тухайлбал: Улс төрийн намаар дамжин бялуу хуваах буюу албан тушаал, эрх мэдэлд очих цуваа хаагдана. Нам ч үзэл баримтлал, үнэт зүйлдээ анхаарлаа хандуулж төлөвшинө. Залуучууд зөвхөн өөртөө найдаж, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, мэдлэг чадварын төлөө өрсөлдөнө. Тухайн улс орны өрсөлдөх чадвар хурдасна. 
 
Хараат бус сонгон шалгаруулалтын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг үнэлшгүй. Хааны албыг мэргэшсэн төрийн алба болгосон шигээ төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангижруулах шинэчлэлийн эргүүлэг болж чадах нь эргэлзээгүй. 
 
Монголчууд эрдэм номтой хүнийг эрхэмлэн дээдэлдэг төрт ёсны олон зуун жилийн уламжлалтай ард түмэн билээ. Монгол Улсын оюуны нөөцийн олборлолтыг төрийн алба манлайлах цаг болжээ хэмээн бодогдном. 
 
Ч.Сосормаа