sonin.mn

Дэлхийн банкнаас Монголын төсвийн орлогын бууралт, зардлын өсөлтөөс үүдсэн төсвийн алдагдал хурдацтай тэлж буйг онцоллоо.

Тус банкнаас гаргасан Монголын эдийн засгийн хураангуй тайланд Засгийн газрын зардлын өсөлтийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатайг тодотгожээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал төлөвлөсөн хэмжээнийхээ гуравны хоёр хувьд хүрчээ.

Эхний улиралд улсын төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 11 хувиар буурсан нь эрдсийн бүтээгдэхүүний экспорт саарсантай холбон тайлбарлажээ. Түүнчлэн он гарсаар улсын төсвийн хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсч, төсвийн нийт зардал 25 хувиар өссөн байна. Дэлхийн банк Монгол Улсын хөгжлийн төлөв эерэг байгаа ч  одоогийн гадаад орчны таагүй байдал сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.  Харин орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжсэнийг тус банк дэмжжээ. Эл хөтөлбөрийн зардлыг төсөвт нарийн тусгах шаардлагатай гэдгийг онцоллоо. Монгол Улсын гаднаас авсан зээл нь Монголын төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, дотоодын санхүүжилтийн хэрэгцээг багасгах ч гадны зээлийн хүү өндөр, валютын ханшийн эрсдэл байгааг дурджээ.

Тайланд дурдсанаар ирэх онд экспортын бууралт, гадаад өрийн эргэн төлөлт давхацсанаар төлбөрийн тэнцлийн дарамт 2017 оны турш өндөр хэвээр байх нь ээ. Харин Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт импортын татварын орлогыг  аажмаар нэмэгдүүлэх ч, эрдсийн зах зээл сайжрахгүй тохиолдолд төсвийн төсөөллөөс доогуур байх төлөвтэй хэмээн Дэлхийн банк онцоллоо.

 Б.Заяа 

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг