sonin.mn
Хуан Мартин Гевара (72 настай) нь домогт Эрнесто Че Геварагийн дөрвөн дүүгийн хамгийн бага нь. Тэрээр “Миний ах Че” ном бичсэн нь Францад хэвлэгдээд байна. “El Pais” сонин түүнтэй уулзаж ярилцжээ.
 
-Че нас бараад хагас зуун өнгөрсөн ч Гевара хэмээх овог Франц зэрэг улс оронд сонирхол татсан хэвээр байгаа нь танд гайхалтай санагдсан уу?
 
-Ахын минь нэр Францад аль хэр түгсэнийг үнэлж цэгнэхэд арай эрт байна. Францад анх удаа л ирж байна. Итали, Болив, Кубад ах минь их алдартай байдгийг сонсож, харж явлаа. Намайг Чегийн дүү гэдгийг мэдээд хүмүүс их сонирхдог. Ах минь миний хувьд үргэлж үлгэр дууриал байсан.
 
-Та номдоо Че хэмээх домгоос зайлсхийхийг хичээсэн ч таны бага насны дурсамжууд бас л энэ тал руу хазайсан байсан...?
 
-Би Чегийн үзэл бодлыг дагадаг хүмүүсийн нэг. Би өөрийгөө марксист-ленинист-геварист гэж тодорхойлно. Гэвч энэ номдоо би Эрнесто Гевараг гэр бүлийн нэг гишүүн, нэр алдарт хүрэхээсээ өмнө ямар хүн байсан юм гэдгийг харуулахыг зорьсон. Че энгийн нэг тариачин, эсвэл өөр үзэл бодолтой, Фидельтэй танилцаагүй байсан бол ямар байх байсан бэ? Тэр нас барснаасаа хойш үлгэр домог болсноос илүүтэй үзэл бодол, байр суурь нь миний сонирхлыг их татсан.
 
-Таны бодлоор түүнийг хэн алсан бэ. Тагнуулын төв газар уу?
 
-1967 оны аравдугаар сарын 9-нд Боливийн Ла Игера сургууль дээр түүний аминд хүрсэн болив цэргийн нэрийг бид мэддэг, тэр бол түрүүч Марио Теран. Түүнтэй хамт куба гаралтай Америкийн иргэн, ТТГ-ын ажилтан Феликс Родригес байсан. Родригес Че Геварагийн цогцосны зургийг авсан. Ахыг минь устгах шийдвэрийг АНУ гаргасан гэдэгт би эргэлздэггүй. Гэвч хэн тушаал өгснийг тодруулах л хэрэгтэй. Че үхсэнийхээ дараа домог болон хувирсан.
 
-Тэр юун дээр алдсан юм бэ?
 
-Тэр алдаа гаргасан л даа. Боливт Коммунист намын, уурхайчдын дэмжлэгийг авна гээд итгэчихсэн байсан. Мөн өөрийн хүчиндээ хэт эрдсэн, урвалтыг тооцоолоогүй.
 
-Түүний хувьсгалч үзэл санаа алдаа руу хөтөлсөн юм биш биз?
 
-Харин ч эсрэгээрээ. Асуудал капитализм, империализмд байгаа гэдэгт тэр улам итгэсэн байсан. Капи­тализмын хямралын үед гол хохи­рогчид нь ядуус, хөгжил буурай орнууд байдаг. Хэн ч, ямар ч шийдэл санал болгодоггүй.
 
-Шийдэл нь марксизм байсан юм бол яагаад коммунист дэглэмд орсон орнууд түүнийгээ устгаад, байхгүй болгочихов оо?
 
-Социализм боломжтой юу гэж надаас асуувал би социализм гэж юу вэ гэж асуултаар хариулна. Че үүнд хариулт өгөх гэж оролдсон юм. Тэрээр Хятад, Зөвлөлт холбоот улс, зүүний эвслийг шүүмжилсээр дууссан. Геваризм бидэнд өөр зам заасан, гэвч хэн ч тэр замаар явж эцэст нь хүрсэнгүй.
 
-Гэвч Че Гевара Кубын хувьсгалт шүүхийн дарга байх үед Кубын эрх баригчид улс төрийн өрсөлдөгчдөө цаазалж, албадан хөдөлмөрлөх хуаран руу цөлж байсан...?
 
-Албадан хөдөлмөрлөх хуаран гэдэг нь ТТГ-ын зохиосон зүйл. Че маоист байсан, сталинист байгаагүй. Тэрээр Кубын Засгийн газар дотроос Кубын сталинист арга барилын эсрэг тэмцэж байсан юм.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин