sonin.mn
 
2016.05.04
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.  Тэрээр шагнал гардуулж хэлсэн үгэндээ:
 
 Эрхэм хүндэт Архангайчууд аа,
Ахан дүүс ээ,
 
Хүмүүний сэтгэл тэнийж, өвсний соёо ногоорсон цагийн эхэн-хаврын шимээ хайрласан энэ өдөр газрын сайхан хангай-Архангай аймгийн төв талбайгаас зон олон Та бүхний амар мэндийг айлтган мэндчилж, сайн бүхний дээдийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бид дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийг төрийн дээд одон-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан түүхэн үйл явдлын гэрч боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон бол төр улсынхаа шинэ түүхийг бүтээлцэж буй хүн бүрийн сэтгэлд хоногших зүтгэлийн шим, итгэлийн гэрэл юм. Энэ шагнал бол тус аймагт ажиллаж, амьдарч байсан, одоо ажиллаж байгаа хүмүүсийн байгуулсан гавьяа зүтгэл, олсон ололт амжилтыг өндрөөр үнэлж шагнасан, басхүү хойч үеийнхнийг улам их үйлсийг бүтээхийг ерөөж, урам хайрласан шагнал юм.
Архангайчууд аа,
Архангай аймаг бол уран төгс Суварга хайрхан, түүхт Булган хайрхан, Ноён хангайн өндөр сайхан уул нурууд; Бөхөн шар, Цагаан даваа, Согоотын олон сүрлэг уул даваанууд; Хөшөө цайдам, Тоглох, Өргөөт, Мандахын хөндий сайхан хоолойнууд; Тунгалаг Тамир, Орхон, Хануй, Чулуутын онц сайхан голууд; Өгий, Холбоо, Тэрхийн цагаан их, бага нуурууд цэнгэн оршсон Хангай, говийн хоорондох Халхын уудам нутаг.
 
Арын сайхан хангай бол монгол түмний түүх, соёлын арвин баялаг өвийг уул ус, газар шороо, элгэндээ тээсэн, нүүдлийн соёл иргэншлийн эртний голомт нутаг аа.
Архангай аймаг бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аймаг юм.  
Арын сайхан хангай нутгаас алдар цуутай, төр нийгмийн зүтгэлтэн болон эрдэм мэдлэгтэй олон хөвгүүд, охид төрөн гарсан түүхтэй. Эрх чөлөөт иргэнтэй, хувийн өмчтэй нийгэм л Монголын зөв ирээдүй гэдгийг зөгнөн харж байсан Солийн Данзан;
Өрлөг жанжин Дэмид;
 
Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн Улсын баатар Төмөрбаатар, Нянтайсүрэн, Дампил;
Академич Б.Чадраа, Академич Б.Энхтүвшин, доктор Д.Цэвээндорж тэргүүтэй шилдэг эрдэмтэд;
 
Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин Д.Чимэд-Осор; Ардын зураач Л.Чуваамэд, Н.Чүлтэм нарын зэрэг урлаг, соёлын олон алдартнууд;
Г.Вандан, Буур Жамъян, Ц.Чимэд-Очир, Г.Өсөхбаяр нарын үндэсний бөхийн дөрвөн аваргаар магнайлуулсан олон хүчтэний өлгий нутаг аа.
 
Архангайчууд сүүлийн жилүүдэд амжилт бүтээлээр арвин байна. Аймгийн төв- улсын нийслэл Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбогдож, дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн бодлогыг цогцоор хэрэгжүүлсний үр дүнд Эрдэнэбулган сум орон нутгийн жишиг хот болох боломж бүрдэж, 1000 айлын орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, олон ажлын байр шинээр буй болгож, төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх чиглэлд санаачилгатай ажиллаж байна.
 
Мөн мал сүргийнхээ тоо, толгойг жил дараалан өсгөж, аймгийн төвд 2-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хамран сургалтыг бүрэн шийдвэрлэж, Орон нутгийн хөгжлийн сан, Иргэний оролцоотой жишиг сум хөгжүүлж, “Гудамж төсөл” “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” зорилтыг хэрэгжүүлж; “Сарлаг фестиваль”, “Айрагны баяр” зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, 2012 онтой харьцуулахад халдварт өвчин 31 хувиар, мөн эх нялхсын эндэгдэл буурчээ.
 
Жилээс жилд өнгө засч, ийм амжилтад хүрэхэд тус аймгийг удирдаж байгаа Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар, тэдгээрийн баг, эвсэг хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 
Бас ийм амжилтад хүрэхэд Монгол төрийн төлөө зүтгэхийн зэрэгцээ Арын сайхан Хангайгаа зүүдэлж сэрдэг Н.Батбаяр, Р.Гончигдорж, Б.Болор, С.Ламбаа нарын дэмжлэг, хичээл зүтгэл их байсныг нутгийн зон олон Та нар минь мэдэж, мэдэрч, тэднээрээ бахархаж байгаа гэдэгт итгэж байна.
Архангай аймгийн Өрсөлдөх чадварын үзүүлэлтийг ажиглавал сүүлийн жилүүдэд ахиж дэвшиж байгаа боловч эдийн засгийн тамир тэнхээ 10 дугаарт, засаглалын үр ашиг 14 дүгээрт, бизнесийн үр ашиг 17 дугаарт, дэд бүтэц 17 дугаарт байна. Энэ бол Та бүхнийг илүү их хичээж, улам эрчтэй, шуурхай, санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг харуулж буй дохио юм.     
 
Цаашид бүх зүйлийг хийх, дуурайх биш, чаддаг зүйлээ бусдаас, бусад улс үндэстнээс илүү чанартай, хямд өртөгтэй, бас үзэмжтэй хийж, хичээхийг захия. Энд онцолж тэмдэглэхэд, Иргэдийнхээ оролцоонд суурилж, иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хөгжих бодлого бол хамгийн зөв, хөгжлийн ирээдүйтэй зам байх болно.
Хоргын тогоо, Чулуутын хавцал, Тэрхийн цагаан нуур, Өгий нуур, Цэнхэр, Шивэртийн халуун рашаан булаг, Хүннү, Сүннүгийн үеэс эдүгээ хүртлэх түүх соёлын их өв, байгалийн үзэсгэлэнт газар шороогоо түшиглэн дотоод, гадаадын аялал жуулчлал хөгжүүлэх боломж өргөн байна.
 
Айл өрх бүхэн аялал жуулчлалын салбарын оролцогч, үр шимийг нь хүртэгч, үйлдвэрлэгч байх, бас хүн бүр бүтээгч байх боломж бий.
Хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлийг ч хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажиллаж, Монгол Улсын төвийн бүсийн хөгжлийн тулгуур төв болон хөгжих бүрэн боломж харагдаж байна.
 
Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэлээ.