sonin.mn
Майн-1-ий баяр, 5-р сарын 9-ний Ялалтын баяраар Москва хотноо хүн амын нягтралтай газруудад  халдлага зохион байгуулахаар төлөвлөж байсныг тус улсын Холбооны Аюулгүй байдлын албаныхан /ХАБА/  таслан зогсоожээ.
Алан хядагчид  Москва, Москвагийн  мужид  5-р сарын 1-ний Энх тайван, хөдөлмөрийн баяраар энэ сарын  9-ний өдрийн  Ялалтын баярын бүх нийтийн зугаалгын үеэр  иргэд рүү  буудахаар   төлөвлөж байжээ. Төв Азиас гаралтай тэдгээр алан хядагчдыг  тус улсын Холбооны Аюулгүй байдлын ажилтнууд саатуулаад байгаа тухай “Известия” сонин өнөөдрийн дугаартаа өгүүлжээ.  Дээрх  этгээдүүд нь  халдлага явуулахаар төлөвлөж,  олон тооны зэр зэвсэг, дэлбэрэх бодисыг төвлөрүүлж  байсныг Холбооны Аюулгүй байдлын ажилтнууд илрүүлж, хураан авчээ.
Одоогийн байдлаар дээрх этгээдүүд нь  хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгч эхлээд байна. Мөрдөн байцаах ажиллагааны нууцлалтай холбогдуулан  тэдгээрийн нэрийг мөн  нууцалж байгаа тухай сонинд өгүүлжээ. Оросын Холбооны Аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвийн мэдээлснээр, алан хядагчдыг Сири ба Түркээс удирдаж байжээ.  
Москва хот. А.Огторгуймаа        
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг