sonin.mn
 
 
УИХ-ын чуулганы хуралдаан ирц бүрдэхийг хүлээсээр 10:45 минутад эхэллээ.
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа дараа хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулж саналтай гишүүн байгаа эсэхийг лавлахад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, "Чуулган өндөрлөх гэж байна. Энэ үед эрх баригчид ирцээ бүрдүүлээч ээ. Өнөөдөр эрх барьж буй намаас 3 хүн сууж байна. Ийм байдалтай чуулганыг хуралдуулдаг байж болохгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга, "Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлаар Хууль зүйн байнгын хорооны дарга хууль зөрчиж завсарлага өгсөн. Энэ бол их үр дагавартай асуудал.
 
Тиймээс асуудлыг хэлэлцэж өгөөч. Мөн Тавантолгойн хувьцааг худалдан борлуулах нэрээр энд тэнд бөөгнөрөөд байгаа хүмүүсийг яагаад тараахгүй байгаа юм бэ. Эл асуудлаар мэдээлэл хийх хэрэгтэй. Өчигдөр "Шударга ёс" эвслийн бүлэг тарлаа. Засгийн газар эрх зүйн чадамжтай байна уу. Засгийн газар тарсан бол бүрэн Засгийн газартай болох хэрэгтэй" гэв.
 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "Эрүүл мэнд, спортын сайдыг томилох асуудал хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй байна. Өчигдөр байнгын хорооны хурлаар томилгоог хэлэлцэх байсан ч гишүүд ирээгүй. Ийм чадамжгүй УИХ-тай байж болохгүй. "Шударга ёс" эвсэл өчигдөр тарсан. Эвсэл тарсан учраас сайдын асуудлыг татаад авчих шиг болсон. Өнөөдөр улаанбурхан өвчнөөр 60 хүүхэд нас барж, 120 эцэг эх гашуудаж байна. Төр ингэж даампуурч болохгүй. Чадамжгүй болсон бол УИХ-ыг тараая" гэлээ. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд чинь алх дараад бөөнөөр нь баталдаг хуулиуд орсон байна. Хамгийн гол нь ирц байхгүй байна. Үндсэндээ одоо 8 хүн сууж байна. Картыг нь авчирч хүчээр ирц бүрдүүлж байна. Ийм байдалтай хуулийг бөөндөж гаргаж болохгүй. Хажуугийн хүнийхээ кнопыг дардаг байсан бол одоо ойр хавийн гишүүдийнхээ кнопыг дардаг боллоо. Ирцээ бүрдүүл. Ирц бүрдсэний дараа би картаа хийх болно" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Г.Уянга гишүүний хэлсэнд тайлбар хийе. Хууль зүйн байнгын хорооны хуваарийг өөрчилж, МАН-ын бүлгийн гишүүдийг байхгүй байхад хуралдаж эхэлсэн нь завсарлага авах эхний шалтгаан байсан. Түүнчлэн одоогийн зарим хэлэлцэж буй хуулиудыг эргэн хараач гэсэн хүсэлт ирсний дагуу завсарлага авсан" гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, "МАН-ын бүлэг хуулийн дагуу завсарлага авсан. Ингэх ч эрхтэй. Манай байнгын хороо чуулганаас өмнө амжиж асуудлаа шийдвэрлэхээр товд өөрчлөлт орсон байсан юм" гэсэн тайлбар хийв.
 
Хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж тэдгээр саналттай холбогдуулж, "43 гишүүн хурлын ирцэд орсон байна. Хэлэлцэх асуудлын дарааллыг даргын зөвлөлөөс тогтоодог. Хэлэлцэх боломжгүй гэж үзсэн хуулиараа МАН-ын бүлэг завсарлага авч болно" гэсний зэрэгцээ гишүүд хуралдаандаа ирж суухыг урьлаа. Үүгээр чуулган товын дагуу эхний асуудлын хэлэлцүүлгээ эхлүүлэв.
 
Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг