sonin.mn

Мартагдах дөхөөд байгаа Монголын нэгэн үнэт өв соёл болох монгол уншлагыг өнөө үед эрдэмтэн мэргэд, судлаачид нэгэн цогц ойлголттой уламжлан хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг “Монгол уншлага, зан үйлийн уламжлал, шинэчлэлийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.

Хурлыг “Намо будда” төвөөс монгол уншлага, орчуулга зүй, ая дан, зан үйлийг судлах, өв уламжлалыг хадгалж хамгаалах, өвлүүлэн сурталчах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Тус төвийн тэргүүн Д.Хоролбат хэлэхдээ, “Монголчууд бид бурхны аман гэгээн айлдвар, түүний зарлигийн тайлбар болох Ганжуур, Данжуурыг эх хэлнээ орчуулан судалж чадсан гурван номт улсын нэг. Хойшид ч бид энэ үйлсийг түгээн дэлгэрүүлж хойч үедээ залан хүргэх үүрэгтэй. Монгол уншлагад төвд уншлагын ая хэмнэлд тохируулаад тийн ялгал, нөхцлийг хэрэглэж байсан уламжлал бий. Монголоор уншихаар адис жанлав нь өөр болно гэж байхгүй. Мартагдахад хүрсэн монгол уншлагыг уламжилж, цааш нь өвлүүлэх хэрэгтэй” хэмээн онцлов.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд буддын шашны судлаач эрдэмтэд монгол уншлагын уламжлал, арга зүй, тархалт, газар зүй, ая дан, орчуулга зүйн судалгаа зэрэг сэдвээр 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Хуралд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Ш.Чоймаа, академич Д.Цэрэнсодном болон “Цогт цагийн хүрдэн соёлын төв”, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шашны дээд сургууль, МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, СУИС-ийн эрдэмтэн судлаачид оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг