sonin.mn
Монгол Улсын эдийн засгийн хүндрэл 2-3 жил үргэлжлэх төлөвтэй байгааг МУИС-ын доктор Ч.Хашчулуун өнөөдөр болсон “Ази, Номхон далайн бүсийн 2016 оны нийгэм, эдийн засгийн тойм” судалгааг танилцуулах уулзалтын үеэр онцлов.
 
Уг судалгааг НҮБ-ын Ази номхон Далайн Бүсийн Эдийн Засаг Нийгмийн Комиссоос жил бүр гаргадаг аж. Судалгааг энэ оны 11 дүгээр сард эцсийн байдлаар боловсруулж дуусах бөгөөд өнөөдөр 2016 оны төлвийг танилцууллаа.
 
Ази, Номхон Далайн бүсийн эдийн засгийн өсөлт 2005-2007 онд 9.4 хувь байсан бол 2015 онд 4.6 хувь болж буурчээ. Энэ нь хэдийгээр дэлхий нийттэй харьцуулахад харьцангуй тогтвортой байгаа мэт харагдаж байгаа ч уг үзүүлэлтийг цөөн хэдэн орон бүрдүүлж байгаа юм. Тухайлбал, аж үйлдвэр өндөр хөгжсөн БНХАУ, БНЭУ, Малайз, Индонез зэрэг орнууд уг үзүүлэлтийг тэргүүлж байгааг судалгаанд дурьджээ.
 
Дэлхий нийтэд түүхий эдийн үнэ унаж байгаатай холбогдуулан экспортод тулгуурласан орнуудийн эдийн засаг харьцангуй саарч байгаа юм. Тиймээс экспортод тулгуурлах бус дотоодын хэрэгцээнд тулгуурлан хөгжих ёстой гэдгийг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссын Макро эдийн засгийн бодлого, хөгжлийн санхүүжилтын хэлтсийн эдийн засагч Оливер Падисон онцлов.
 
Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд улс орнуудын цалингийн хэмжээ өсөхгүй байгаа нь ядуурлын гол шалтгаан болж байна. Ядуурлаас шалтгаалан иргэн, аж ахуйн нэгж зээл авах нь ч нэмэгдэх болсон. Азийн тивийн 10 хүн тутмын 4 нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Уг салбарыг зөв хөгжүүлж чадвал 110 сая хүнийг ядуурлаас бүрэн гаргах боломжтой юм. Үүний тулд хөдөө аж ахуйг аж үйлдвэртэй холбох нь хамгийн том тулгуур болно” хэмээв.
 
Монгол Улсын хувьд 2011-2014 онд 2 оронтой тоонд хэлбэлзэж байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 2.3 хувь болж буурсан. 2016 онд уг үзүүлэлт 0.5 хувь болж буурах хандлагатай байгаа аж. Үүнд мөн л дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ буурсантай холбоотой хэмээн судалгаанд дурьдсан байна. Ази, Номхон далайн бүс дэх өрийн хэмжээ буурч байхад Монгол Улсын өр хурдацтай өсч байгаа юм. Хуулийн дагуу бол Монгол Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 58 хувиас хэтрэхгүй байхаар заасан.
 
Гэвч одоо байгаа өрийн хэмжээн дээр нэмж тооцоогүй өрүүд олон байгаа юм. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компани Азийн хөгжлийн банк (АХБ)-наас 35 сая ам.доллар, БНЭУ-аас санал болгосон 1 тэрбум ам.доллар зэрэг олон зээл ороогүй байгаа юм. Энэ бүхнийг нэгтгэж дүгнэвэл өрийн хэмжээ ДНБ-ний 58 хувиас хэтэрсэн байх магадлалтай гэдгийг МУИС-ын доктор Ч.Хашчулуун илтгэлдээ дурьдав.
 
Тэрбээр, “Монгол Улсад тулгамдаж буй хамгийн том асуудал нь эдийн засгийн өсөлт удаашрах бус өрийн хэмжээ юм. 2016 оны төсвийн алдагдал 4 дахин нэмэгдэж байна. Тухайлбал, төсвийн орлого 2015 оноос 11 хувиар буурч, зарлага 24 хувиар өссөн. Ингэснээр төсвийн алдагдал ихээхэн нэмэгдэх хандлагатай байна. Энэ нэг талаараа сонгуультай холбоотой. Өөрөөр хэлбэл, өмнөх сонгуулийн үеэр амласан амлалтуудаа ямар ч хамаагүй үнээр биелүүлэх гэж хичээж, хөрөнгө их зарж байгаатай холбоотой.
 
Аливаа улсын эдийн засгийн хүндрэл бүс нутгийн орнуудад ч сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнийг засах, бүс нутгийн эдийн засгийг эрсдлээс хамгаалах зорилго бүхий Олон улсын валютын сан (ОУВС)-гаас Монгол Улсад удаа дараалан хамтран ажиллах санал тавьж байгаа. Одоо энэ саналыг хүлээн авах магадлал тун өндөр болж байна” хэмээв.
 
Бүс нутгийн хэмжээнд зөвхөн эдийн засгийн хүндрэлд өртөөд буй Монгол төдийгүй БНХАУ, Тайланд зэрэг орнууд хямралаас гарахын тулд дотоодын хэрэглээнд түшиглэсэн тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлэх үүднээс ажиллах хүчний бүтээмжийн өсөлт, цалин хөлсний асуудалд анхаарах шаардлагатай гэдгийг НҮБ-ын Ази номхон Далайн Бүсийн Эдийн Засаг Нийгмийн Комиссоос зөвлөсөн байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг