sonin.mn

Швейцарь улсад ажиллаж, амьдарч буй монголчууд эх оронд нь улаанбурхан өвчний дэгдэлт гарч буйд туслах зорилгоор хандивын аян өрнүүлжээ.

Тэдний төлөөлөл өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д багаж тоног төхөөрөмж гардуулав. Тус төвд дутагдалтай байгаа багаж, тоног төхөөрөмжийг тэд хандивын мөнгөөр худалдан авсан бөгөөд аппарат нь хүүхдэд тариа дуслаар тоолж хийхэд хэмжилт хийдэг, яаралтай тусламжийн үед чухал шаардлагатай төхөөрөмж байв.

Швейцарь дахь монгол иргэдийг төлөөлж эх орондоо ирсэн Б.Ариунзаяа "Би Монгол руу богино хугацаагаар ирэх ажилтай болсон юм. Намайг наашаа явах талаар мэдсэн Ганаа гэдэг найз маань улаанбурхан туссан хүүхдүүдэд туслая гэсэн санал тавьсан. Ингээд бид ярилцаад ХӨСҮТ-тэй холбогдож, шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл авч, Ганаа Швейцарь дахь монголчуудаасаа хандив цуглуулах ажлыг зохион байгуулан, долоо хоногт 2000 франк цуглуулсан. Хандивын аянд 55 хүн оролцсон. Төхөөрөмж аваад үлдсэн мөнгөөр нь хүүхдээ сахиж байгаа эцэг, эхчүүдэд хоол авч өгөхөөр боллоо” гэв.

Дашрамд дуулгахад, "Улаанбурханы өвчлөл 4 дүгээр сарын 5-наас хойш тогтвортой байгаа. Өдөрт дунджаар 200 орчим хүн ХӨСҮТ-өөр үйлчлүүлж байгаагийн 170-180 нь улаанбурханы тохиолдол байна. Өвчилсөн иргэдийн 30-40 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сэхээн амьдруулах тасагт 16 өвчтөн эмчлүүлж байгаа аж. Улаанбурханаар өвчлөгчдийн дийлэнх нь 18-30 насныхан бөгөөд энэ насныханд нэмэлт дархлаажуулалт хийх 624 мянган тун вакцин өнөөдөр иржээ. Маргааш уг вакциныг орон нутаг руу тээвэрлэж эхлэхээр болжээ.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг