sonin.mn
Эх орныхоо төлөө гал, мэсэн дунд амь биеэ үл хайрлан харийн түрэмгийлэгчидтэй хатуу, ширүүн тэмцэл өрнүүлэн, домог болон мөнхөрсөн эрэлхэг баатруудаа үеийн үед мартах ёсгүй. Миний бие тэдгээр баатруудын нэг болох хурандаа Л.Дандартай тохиолдпоор олон удаа учирч явснаа уншигч нартайгаа хуваалцахыг хичээсэн юм.
 
1939-1945 онуудад Монгол, Зөвлөлтийн цэрэг, Японы түрэмгийлэгчидтэй баатарлагаар тулалдаж тусгаар тогтнолын түүхийг улам тодотгосон өдөр буюу 1939 оны 10 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар хурандаа Л.Дандар баатрын командалсан 6 дугаар морьт дивизийг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгож, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, командлагч Л .Дандарыг БНМАУ-ын гарамгай баатар цолоор, 17 дугаар морьт хорооны хөнгөн пулемётчин Ц.Олзвойг БНМАУ-ын баатар цолоор тус тус шагнасан юм. Халхын голын дайнд оролцсон байлдагч, түрүүч, офицерууд бүгд 726 хүн төрийн дээд шагнал хүртсэний 500 орчим нь хурандаа Л.Дандарын командалсан 6 дугаар дивизийнх байсан.
 
1945 оны зун, намар Япончуудын эзэлсэн Өвөрмонгол, Хятадын нутгийг Монгол, Зөвлөлтийн цэрэг чөлөөлж, Дэлхийн II дайны голомтыг алс Дорнотод бүрэн унтраахад Л.Дандарын командалсан дивиз баатарлагаар оролцож, хятадын Жэкэй хотын нутаг дэвсгэрийг японы эзэрхийллээс бүрэн чөлөөлсөн билээ. Засгийн газар болон фронтын командлалын шийдвэрээр Монгол, Зөвлөлтийн цэрэг давшилтаа зогсоож, Япончууд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан үед, хурандаа Л.Дандарын дивизийг нутаггаа буцаажээ.
 
Оршилгүй өгүүлэх нь:
 
Тэр үед “цусан гавьяаны" гэж нэрлэгдэж байсан одонгоос бусад гавьяа шагналаа, гарамгай баатар цолоо хураалгачихаад, “цусаа урсгаад баатар болж болдоггүй юм бол хөлсөө урсгаж баатар болно доо” гэж андгайлаад жолооч болж Чойбалсан аймагт “Пүүлэн” хэмээх урт төмөр тэвштэй 40 2738 улсын дугаартай машин жолоодож Бэрхийн уурхайн жонш зөөвөрлөж, Хар металлын уурхайд тээвэр хийж амжилттай ажиллаж байсан.
 
1957 оны намрын нэг өдөр Улаанбаатар хотын 100 айлын орон сууцнуудын чөлөөнд машиндаа засвар хийж байсан хүнээс Чойбалсан хот руу дайгдаж явахыг гуйхад дуртай нь аргагүй зөвшөөрч билээ. Тэр жолооч Л.Дандар баатар байсныг тэрхэн мөчид мэдээгүй билээ. Хүн тээвэрлэх эрхгүй төмөр пүүлэн машинд гучаад хүнтэй Чойбалсан хот руу довтолгов.
 
Нар жаргаж, харанхуй болж байхад Чойбалсан хотын төвд буухад хамт ирсэн хүмүүс тал тал тийш таран явж, би хаашаа явахаа мэдэхгүй үлдэхэд жолооч: Хүү минь хаана очих вэ? гэхэд нь би ХАА-н техникумын оюутан, сургууль энд нүүж ирсэн гэдгээ хэлэхэд би ч мэдэхгүй юм байна, суучих гээд жолооныхоо ард сууж, давхисаар модон байшинтай хашааны гадаа ирж, гэртээ оруулаад гэргийдээ намайг танилцуулахдаа “би нэг олзны хүнтэи ирлээ, япон биш ээ хө” гээд хөхөрч байж билээ. 
 
Түүнээс хойш би гарамгай баатартай азаар танилцсан ховорхон хувьтай хүн гэж бодож явдаг болсон юм. 1959 онд Л.Дандар баатар Халхын голын байлдааны ялалтын 20 жилийн ойгоор манай сургуульд уригдан уулзалт хийж, Халхын голд нэгэн тулалдааны үеэр морьт сумантай тагнан турших ажиллагаа хийж Японы давуу хүчтэй тулгаран бүслэгдэх үедээ салхины зүгийг ашиглан, өтгөн өвстэй талд гал тавьж, утаа, галаар халхавчлан бүслэлтээс хохиралгүй гарч байсан гухай ярма миний ой тойнд үлджээ.
 
1962 оны намар би Архангай аймгаас цэрэгт мордож, 1963-1964 онд ЦЕС-д суралцаж байх үедээ шинэ дүрэмт хувцастай хошуучид ёслоод өнгбртөл “хүүе Бааст” гэж дуудахад нь таньж, бид хоёр бяцхан хууч хөөрч “Сайн байна чармайж суралцаад сайн офицер бодророй” гэж надад захисан юм.
 
1965 онд 036 дугаар ангид танкийн салааны даргаар ажиллаж байгаад сайдын шалгалтад орж макаров буугаар бай буудаж шалгуулан 3 сумаар буудтал “арвын очковт” 4 сум орчихсон байсныг шалгалтын комиссын дарга Л.Дандар хараад: Чи их муу заль мэх сурч, онооноос чинь хасч дүгнэхээс өөр яахав гэж бангадуулсандаа бантаж ямар гайтай амьтны сум миний бай руу орчихдог байнаа гэж гутарч байлаа.
 
1939 оны Халхын голын дайны талбарт ижил дасал болсон алаг морь, Дандар хоёроос япончууд ухаангүй айдаг байсан. Цагаан, бараан зүсмийн морьт цэрэг таширлан довтлоход монголын алаг морьт дайрлаа гэж андууран ухарч байсан тухай олзлогдсон япон офицер илэн далангүй дурсан ярьсан гэдэг.
 
Л.Дандар баатар 1979 онд Зенит пуужингийн 75 дугаар хорооны клубт хийсэн уулзалтад дурсахдаа: Хорооны агтан дээр ирэхэд олон зуун агтан дотроос олигтой морь нүдэнд туссангүй, харин агтны дарга Осорынд очтол, нэг нэвсгэр алаг морь эвшээгээд, газар үнэрлэж, цавчилаад зогсож байсныг Осор “таны хүрэн халзантай цуг ирсэн нэг айлын морь” гээд, нөгөө алаг морийг уургаар өлгүүлж бариулаад эмээллэж хазаарлахад огт хөдлөхгүй номхон морь байсан юм. Ингэж л алаг морьтон Дандар болсон доо.
 
Сайн морь муу нөхрөөс илүү үнэнч гэж боддог, байлдааны явцад алаг маань гурван ч удаа шархдаж билээ. 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явахдаа Хянганы даваанд ясаа тавьсан даа. Хиймортой сайхан хүлэг байсан гэж ярьсан юм. 
 
Бэлтгэлд байгаа дэд хурандаа Я.Баасай
Эх сурвалж: “Соёмбо”сонин