sonin.mn
Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудаас сонгуульд оролцох хүсэлтээ аймгийн Сонгуулийн хороонд ирүүллээ. 2016 оны УИХ, Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоолоор аймгийн Сонгуулийн хороо өнгөрөгч сарын 18-ны өдөр есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм.
 
Тус хороо байгуулагдсанаас хойш сумдын сонгуулийн хороог байгуулах асуудлыг шийдвэрлэснээс гадна сонгуулийн хорооны гишүүдийн ажлын зохион байгуулалт, ажил үүргийн хуваарийг хэлэлцэн баталжээ.
 
Мөн сонгуулийн хуулийн дагуу 4 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ ирүүлэх сүүлийн өдөр байсан бөгөөд тус өдөр Өвөрхангай аймгийн ИТХ-д оролцох хүсэлтийг МАН, Ардчилсан нам, Хөдөлмөрийн Үндэсний нам, МАХН гэсэн дөрвөн нам ирүүлж, Аймгийн сонгуулийн хороо хүсэлтийг хүлээн авсан байна.
 
Түүнчлэн тавдугаар сарын 5-9 өдрүүдэд сонгуульд оролцох намууд хуулийн дагуу шаардлага хангасан нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулж, материалыг тавдугаар сарын 12-ны өдрийн 17:00 цагаас өмнө сонгуулийн хороонд ирүүлэх ёстой юм. Аймгийн сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн материалыг ажлын тав хоногт багтаан хянаж нэр дэвшигчийг бүртгэх эсэх талаар тогтоол гаргаж шийдвэрлэнэ.
 
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг