sonin.mn
“Coal & Metals Mongolia 2016” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн Корпорэйт Конвэйнш төвд  эхэллээ.
 
Тус чуулганд уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид, УУЯ, Эрчим хүчний яамны нийт 500 гаруй төлөөлөгч оролцож байна. "Гложекс" компаниас тус олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганыг 6 дахь жилдээ зохион байгуулав.
 
Энэ жилийн хувьд “Coal Mongolia”, металлын салбарын Metals Mongolia болон уул уурхайн тоног төхөөрөмжийн  “MineTech” үзэсгэлэнг нэг дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
 
Чуулганд Хятад, Казахстан, Австрали, Японы төлөөлөгчид түлхүү оролцож байна.
 
Уул уурхайн сайд Р.Жигжид “Coal & metals Mongolia 2016” хурлыг нээж үг хэлэхдээ, “Хэдийгээр сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ суларч буй ч манай уул уурхайн салбар 2015 онд төсвийн орлогын 18 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 80 хувийг дангаараа бүрдүүллээ. Энэ нь чамгүй амжилт бөгөөд уул уурхайн салбарт ажиллаж буй нийт уурхайчид, аж ахуйн нэгжүүдийн хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
 
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг боловсруулж,  нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал болон ашигт малтмалын нөөцийг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тооцох алхам хийснийг энд дурдах нь зүйтэй. Түүнчлэн Оюутолгойн алт, зэсийн ордын ил уурхай амжилттай ажиллаж, далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэлийг бүрэн базаагаад байна.
 
Салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэхэд үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай цаг үед бид ирээд байна. Тиймээс төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн хангамжийг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх нь чухал юм.
 
Засгийн газрын зүгээс энэ бүхэнд анхаарч татварын бодлогоор дэмжих арга хэмжээг авч байна” хэмээн онцолж хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийг уриалсан юм.
 
Уул уурхайн сайдын илтгэлийн дараа Монгол Улсын сайд М.Энхсайхан “Нүүрс ба эрчим хүч” сэдвээр илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ Тавантолгойн орд, Тавантолгойн цахилгаан станц, Шивээ Овоо төслийг онцолсон юм.
 
Монгол Улсын сайд М.Энхсайхан ярихдаа, “Популистууд, УИХ-ын гишүүд цаг хугацаа мөнгө, зах зээл ширүүн өрсөлдөөн гэдгийг ойлгодоггүй. Тэд өөрсдийнх нь гаргасан шийдвэрээс болж эдийн засаг суларч буйг мэдэрдэггүй. Өнөөдрийн үнэ маргааш байхгүй шүү дээ. Алгуурласаар байгаад олох ашгаа агаарт цацдаг. Шивээ Овоо төслийг ирээдүйд ихээхэн үр ашиг авчрах төсөл гэж харж байна.
 
Ер нь аливаа төсөл амжилттай хэрэгжихэд хөрөнгө оруулалтын өгөөж нь чухал. Тавантолгойн төслийн хувьд нүүрсний үнэ нэг тонн нь 80 ам.доллар байна гэж анх тооцож байсан ч уг төсөл амжилтад хүрсэнгүй. Эл ордын хувьд хэрэглэгчдэд хамгийн ойр байрладгаараа онцлогтой бөгөөд олон давуу чанараа өнөөдөр ч гээгээгүй.
 
Гагцхүү хэзээ өгөөжийг нь хүртэх вэ гэдэг нь сонин байна. Тавантолгойн цахилгаан станцын хувьд ажил үргэлжилж байна. Боломжит 25 хөрөнгө оруулагчид санал хүргүүлснээс Японы Марубени корпорацтай хамтран ажилахаар тохиролцсоныг та бүхэн мэднэ.
 
БНСУ, Япон улс нийт эрчим хүчний 70 хувийг ультра супер критикал гэдэг технологийг сонгон үйлдвэрлэж байна. Эл технологи нь  нүүрс төрөгч бага ялгаруулдагаараа онцлогтой. Харин Тавантолгойн ордыг түшиглэн байгуулах цахилгаан станц хэрэглэгчийн тоо цөөн байгаагаас үүдэн дээрх технологийг сонгох боломжгүйд хүрсэн. Иймд саб критикал технологийг сонгоод байна” гэлээ.
 
 “Coal & Metals Mongolia -2016” чуулганд Хятадын ТОП-50 компанийн нэг “Шангси Кокинг Коал Сэйлс”-ийн ерөнхий захирал Фан Веншенг Хятадын коксжих нүүрсний нөөц, зах зээл, өрсөлдөөний орчин, коксжих нүүрсний үнийн чиг хандлага болон Монгол-Хятадын коксжих нүүрсний компаниудын хамтын ажиллагааны боломжуудын талаар илтгэл тавихаар хүрэлцэн иржээ.
 
Хятадын Шангси муж дахь коксжих нүүрсний томоохон ордуудыг эзэмшдэг тус компани  жилд 120 сая.тонн нүүрс угаах хүчин чадалтай 28 үйлдвэртэй бөгөөд 200 орчим сая тонн нүүрс олборлон, борлуулдаг байна.
 
 Яг одоо уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж байна.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг