sonin.mn
Бүгд найрамдах Хятад ард улсын цэрэг Тажикистаны газар нутаг руу нэвтэрч Горный-Бадахшан автономит бүсийн ихээхэн хэсгийг хяналтдаа авлаа хэмээн News-Asia сайт уламжлав. Хятадууд тавдугаар сарын 6-нд цэргээ оруулж эхэлсэн хэмээн мэдээлж байна.
 
Тажикистаны газар нутаг өрийн нэг хэсэг болж Хятадад шилжсэн нь тодорхой болж байгаа аж. Тажикистан улс тусгаар тогтносон жилүүддээ маргаантай гэгдэж байсан 1.5 мянган кв км газар нутгийг хятадуудад шилжүүлж өгөөд байгаа юм.
 
Горно-Бадахшан автономит муж нь төвийн эрх баригчдын бодлогыг эсэргүүцдэгээрээ алдартай, ард иргэд нь Душанбегийн шийдвэрийг дагахгүй байх нь их. 2012 оны зун тус нутагт мөргөлдөөн дэгдэж энгийн иргэд амь насаа алдаж байжээ. Горный Бадахшан муж эрх баригчдад мөрдөгдөн хавчигдаж буй хээрийн цэргийн командлагчдаа хамгаалан боссон юм.
 
Хятадын талаас цэргийн оролцоогоо нэмэгдүүлсээр байвал бүс нутагт ээлжит  бослого, мөргөлдөөн дэгдэнэ хэмээн ажиглагчид үзэж байна. 2013 оны эхээр Душанбегийн эрх баригчид Хятадад газар нутгийнхаа хэсгийг шилжүүлэн өгөхөөр бэлтгэж байгааг олон хүн сануулж байсан ч тэр үед хэн ч нухацтай хүлээж аваагүй юм.
 
Гадаад өрөө дарахын тулд газар нутгаа Хятадад өгөх гэж байгааг тоймч, ажиглагч нар сануулан хэлж байсан билээ. Хэдийгээр амьдрахад таатай бус, өндөр уулсын бүс нутгаа Хятадад шилжүүлэн өгч байгаа ч хятадууд эдгээр газар нутаг уран, эрдэс, үнэт чулууны ордоор баян байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.
 
Хятадууд аль хэдийнэ геологийн эрэл хайгуулын ажлаа эхэлсэн ба Тажикистан улс үүнийг нь “Газрын хэвлийн тухай” хуулиараа зөвшөөрчээ. Мөн Тажикистаны газар нутаг дээр зөвхөн цэргийнхэн бус, иргэний эрх баригчид орж ирэх болжээ. Өмнө нь уугуул тажикууд амьдарч байсан газар нутгийг хятад иргэд өөрийн болгож авах бололтой.
 
 
Л.Баярсайхан: Бид газраа алдах гарцаагүй байдал руу яваад байна
 
Ч.ЗОТОЛ 
 
Тажикистанд үүссэн нөхцөл байдал манайд давтагдах вий гэсэн болгоомжлол олон нийтэд байна. Энэ талаар “Газар шороогоо хамгаалах иргэдийн индэр” хөдөлгөөний гишүүн Л.Баярсайханы байр суурийг сонирхлоо.
 
-Тажикистан улс газар нутгийнхаа нэг хэсгийг өрөнд өгчээ. Гадаад өрийн хэмжээ 21 тэрбум ам.доллараас давж эрсдэлтэй бүлэгт багтсан манай улсын тухайд өнөөдөр газар нутгаа алдахгүй гэсэн баталгаа байна уу?
 
-Энэ асуудал хоёр жилийн өмнөөс яригдсан. Тэр үед эх сурвалжийн мэдээллүүдийг уншиж, танилцаж байсан. Олон нийтэд анхааруулж, хэлж, ярихад хүмүүс төдийлөн ач холбогдол өгөхгүй, хэр ноцтойг ойлгохгүй байсан.
 
Тэгвэл өнөөдөр тэр үед ярьж, хэлж байсан зүйлүүд бодитой болж, Тажикистаны газар нутагт хятадууд нэвтэрч, уугуул иргэдийг нь хориогүй боловч хавчих, хязгаарлах үйл ажиллагаа явуулж, цэргээ оруулаад эхэлсэн байна. Гэхдээ мэдээллийг сайтар нягтлах хэрэгтэй.Учир нь Тажикистаны Засгийн газар  бодит мэдээллийг нуун дарагдуулж байна гэж тоймч, ажиглагч нар үздэг. 
 
Манай улсын тухайд 2014 онд Газрын тухай хуульдаа Тажикистаны Газрын хэвлийн тухай хуульд оруулсантай ижил утга санаатай хэд хэдэн заалтыг оруулах гэж хичээж, улайрч байсан. Заримыг нь оруулчихсан байгаа. Бас өнгөрсөн онд нэг өөрчлөлт оруулчихсан байна лээ.
 
Түүндээ суурилж дараа нь өр төлбөртэй холбоотой зүйлүүдээ оруулах байдалд хүргээд байх шиг байна. Тэгэхээр манай улсын тухайд яг ийм болно гэж хэн ч төсөөлж хэлж чадахгүй, тийм болохыг хүсэхгүй боловч эрсдэлтэй байдал руу яваад, явуулаад байгаа  нь гарцаагүй.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: