sonin.mn
МҮЭХ-ноос өчигдөр буюу энэ сарын 17-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нарт яаралтай 2016 оны улсын төсөвт тодотгол хийж, иргэдийн цалинг нэмэх мэдэгдэл хүргүүлжээ.
 
Өнгөрсөн онд болсон Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд 90 тэрбум төгрөг төсөвт суулгахаар тохирсон. Гэвч тухайн үед эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан 2016 оны төсөвт уг хөрөнгийг тусгаж чадаагүй байна. Тиймээс Засгийн газраас уг хөрөнгийг энэ оны эхний хагаст төсвийн тодотгол хийх замаар улсын төсөвт суулгах хүсэлт тавьсныг талууд зөвшөөрчээ. Гэвч он гарснаас хойш төсвийн тодотгол хийх талаар огт яригдахгүй байгаагаас гадна эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан иргэдийн худалдан авах чадвар улам бүр суларч байна.
 
Улсын хэмжээнд 143 мянган ажилгүй иргэн байна гэсэн судалгааг Улсын бүртгэл, статистикийн газраас гаргажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Ажилгүй, орлогогүй иргэд гэмт хэрэг хийх нь нэмэгддэг байна. Тухайлбал, энэ онд гарсан гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 1.6 хувиар өсчээ. Тиймээс Засгийн газар яаралтай төсвийн тодотгол хийх замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
 
Тэрбээр, “Энэ оны гуравдугаар сарын байдлаар 2016 оны улсын төсвийн гүйцэтгэл 600 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Энэ нь ДНБ-ны 2.3 хувьтай тэнцэж байгаа юм. Улсын төсвийн алдагдал 3 хувьд хүрсэн тохиолдолд зайлшүй тодотгол хийдэг. Одоо энэ хэмжээнд хүрэхэд 0.7 хувь л үлдсэн байна. Тиймээс заавал 3 хувьд хүрэхийг хүлээж, цаг алдалгүйгээр тодотгол хийх хэрэгтэй.
 
Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн жил УИХ-ын хаврын чуулган тавдугаар сарын 29-нд хаах ёстой. Сонгууль болох өдрөөс 1 сарын өмнө гэсэн үг. Одоо энэ хугацаа ойртсон байна. Хэрэв энэ мэдэгдлийг биелүүлэхгүй бол бид гишүүддээ амлалтаа биелүүлдэггүй, хариуцлагагүй хүмүүсийн төлөө саналаа өгөхгүй байхыг уриална” хэмээв.
 
Ч.Ариунболд
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг