sonin.mn
“Монгол Оросын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн үүрэг чухал хэмээн” “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд ОХУ-ын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ онцоллоо.
 
Өнөөдөр ОХУ-ын Үндэсний радио, телевиз, Чита, Буриад, Улан-Үдэ, Эрхүү, Пермь, Капуга зэрэг хэвлэл, мэдээллийн 17 салбарын төлөөлөл,  МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид Орхон аймагт зочиллоо. Нийт 50 гаруй сэтгүүлч хүрэлцэн ирсэн юм. Тэд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт хивс” ХХК, Олон улсын оношилгоо, эмчилгээний “Медипас” эмнэлэгтэй танилцав. Мөн Монгол-Оросын найрамдлын бэлгэдэл “Найрамдлын өндөрлөг” хөшөөнд цэцэг өргөсөн юм.
 
Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд Орос-Монголын сэтгүүлчдийн анхдугаар форум өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод болсон. Уг форумыг Гадаад хэргийн яам болон Монголын  Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулсан бөгөөд форумаар хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зэрэг олон асуудал хэлэлцжээ.
 
Дашрамд дурдахад, 1988 онд Монгол-Зөвлөлтийн сэтгүүлчдийн анхдугаар чуулган Монгол Улсад болж Хөвсгөл далайн экологийн асуудлаар хуралдаж байжээ. Түүнээс хойш 28 жилийн дахин уулзалт зохион байгуулж байгаа нь хоёр орны найрамдалт харилцаа улам батжиж буйн илэрхийлэл гэж сэтгүүлчид онцолж байлаа.
 
Б.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг