sonin.mn
БНИУ-ын Бали хотноо Номхон далайн орнуудын Стандартын зөвлөл /PASC/-ийн 39 дүгээр Ерөнхий чуулга уулзалт 2016 оны 5 дугаар сарын 9-13-ны өдөр зохион байгуулагдлаа.
 
Тус чуулганд Монгол Улсыг төлөөлж Стандартчилал, хэмжил зүйн газрын удирдлага, мэргэжилтнүүд амжилттай оролцсон ба Номхон далайн орчмын Австрали, Канад, БНХАУ, Колумб, Энэтхэг, Япон, Малайз, Мексик, Монгол, Шинэ Зеланд, Филлиппин, Солонгос, Сингапур, Тайланд, АНУ, Вьетнам зэрэг нийт 24 улс энэхүү Зөвлөлийн хуралд оролцжээ.
 
Энэ удаагийн 39 дүгээр ерөнхий чуулга нь “Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн стандартын үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд улс бүр өөрийн орны онцлогоос хамаарч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг стандартчиллын үйл ажиллагаанд хэрхэн оролцуулдаг болоод цаашид хэрхэн өргөн хүрээтэйгээр оролцуулах талаар санал бодлоо солилцсон юм.
 
Стандартчилал, хэмжил зүйн газрын төлөөлөгчид Олон улсын стандартчиллын байгууллага /ISO/-ын техникийн хороодод монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг өөрсдийн ажилд хэрхэн татан оролцуулах талаар уг хурлын үеэр танилцуулж, дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт гаргасан.
 
Түүнчлэн Монгол Улс Олон улсын стандартчиллын байгууллага /ISO/-ын Удирдах хороонд нэр дэвшиж ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Ингээд уг хурлын үеэр уг хүсэлтийг Номхон далайн орнуудын Стандартын зөвлөл /PASC/-ийн зүгээс болон бусад гишүүн орнуудын зүгээс бүрэн дэмжих шийдвэр гарсан нь Монгол улсын хувьд ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг