sonin.mn
Өмнөговь аймагт энэ сарын 10-нд махны үйлдвэр шатсан харамсалтай явдал болсон билээ. Тухайн үед гал гарснаас хойш 4 минутын дараа гал унтраах 21 дүгээр ангийн албан хаагчид очиж ажилласан байна.
 
Махны үйлдвэр шатсантай холбоотойгоор аммиак гэх хортой бодис агаарт цацагдсан байх магадлалтай гэж зарим мэдээллийн сувгаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байсан юм.
 
Энэ талаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Л.Баярсайхан ярихдаа, “Тухайн өдөр нэлээн хүчэй буюу 16м\с-ийн хүчтэй салхитай байлаа. Манайхан очиход үйлдвэр галд нэлээн өртсөн байсан. 2.2тн аммиак гэж хорт бодис энэ үйлдвэрт байсан юм. Хэрвээ энэ бодис дэлбэрвэл Даланзадгад сум тэр чигээрээ эрсдэх аюултай байлаа. Тиймээс бид үүнийг дэлбэрүүлэхгүйн тулд хамаг анхаарлаа хандуулан ажилласан. Иргэд ус нь дууссан, ус нь дууссан машин ирсэн гэх яриа гаргасан байна лээ. Манай машинууд нэг нь л гэхэд 8.5тн усыг 3.5 минутанд шахаж гаргах хүчин чадалтай байдаг” гэлээ. Ямартаа ч гал унтраах ангийнхны сайн ажилласны үр дүнд тухайн хорт бодисыг дэлбэрүүлэхгүйгээр авч үлдэж чаджээ.
 
Хэрвээ уг бодис дэлбэрсэн бол 82км-ийн радиуст тархаж амьд биетийг хордуулах байжээ. Тухайн хорт бодис нь амьсгалын замаар дамжин уушиг, залгиур хоолойг гэмтээн үхэлд хүргэх аюултай бөгөөд 6.3-12.67 цагт агаарт саармагжина гэж тооцоо байдаг байна. 
 
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг