sonin.mn
2013 онд эхэлсэн Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц одоогийн байдлаар 70 орчим хувьтай байна.
 
Нэгдсэн эмнэлгийн одоогийн байр үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч долоон блокноос хоёрыг нь хаасан. Үйл ажиллагаа явуулж байгаа хэсгүүд тэр дундаа дотор, болон хүүхдийн тасгуудад дусаал дусдаг, нурах эрсдэлтэй гээд эрүүл мэндийг хамгаалахаасаа илүү амь насанд халтай орчин гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага ЭМГ-т удаа дараа сануулга өгчээ. Тиймээс эмч мэргэжилтнүүд эмлүүлэгч ард иргэдийн хувьд эрүүл мэндийн шаардлага, барилгын чанар стандарт хангасан шинэ эмнэлгийн байр хүлээлт үүсгээд байна.
 
Харин шинэ эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгч компаниар “Хар чонот” компани ажиллаж байгаа бөгөөд тус компаний зүгээс гэрээний дагуу энэ ондоо багтаан ашиглалтанд оруулж хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдлээ.
 
Энэхүү барилга нь нийт 12.4 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд  шинэ эмнэлгийн дотоод бүтэц нь 6 блок,  амбулатори, гал тогоо, угаалга химийн анатоми, под станц уурын зуухны өргөтгөлтэй бөгөөд солонгосын хамгийн сүүлийн цахилгаан шат зэргийг шийдэж байгаа юм. Мөн тус эмнэлэгт 180 хүн хэвтүүлэн эмчлэх боломжтой аж.
 
Эмнэлгийн барилгын явцад мэргэжлийн хяналтын газар, барилга хот байгуулалтын газрууд хяналт тавьж байгаа бөгөөд шинэ эмнэлэгт “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд засгийн газраас хөрөнгө оруулсан томографи рентген, бөөрний диализийн аппарат зэргийг суурилуулахаар төлөвлөжээ.
 
Хэнтий аймаг О.Буянхишиг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг