sonin.mn
“Жи Си Ай” олон улсын байгууллага дэлхийн 100 орчим орны 200 мянган залуусыг нэгтгэдэг. Тус байгууллагын Монгол дахь салбар 25 жилийнхээ ойтой золгож байна. “Жи Си Ай Монгол” байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч Б.Наранжаргалтай дараах асуудлаар ярилцлаа.
 
- “Жи Си Ай Монгол” байгууллага хүнээр бол эрийн цээнд хүрлээ. Анх С.Зориг агсны санаачилгаар байгуулагдсан  тус байгууллага эерэг сэтгэлгээг залууст суулгах зорилгоо хэр биелүүлж байна?
 
-  Дэлхийн “Жи Си Ай” 101 дэх жилтэйгээ золгож байна. Харин монгол дахь салбар үүний дөрөвний нэг хугацааг тууллаа. “Жи Си Ай Монгол” байгууллага анх ардчилалтай хамт байгуулагдсан. С.Зориг агсан хэсэг нөхдийн хамт  залуусыг хөгжүүлдэг үзэл санаа Монголд хэрэгтэй гээд “Залуу үе танхим” нэрээр суурийг нь тавьсан.
 
Тэрээр НҮБ-ын индэр дээрээс үг хэлж Монголд “Жи Си Ай” байгуулагдсаныг зарласан юм. 25 жилийн хугацаанд манай байгууллага Азийн орнуудын хувьд хүчтэй салбарын тоонд багтсан. Манай байгууллага чадавхитай гишүүд болон нийгмийг хамарсан төсөл, хөтөлбөрүүдийнхээ далайцаар бусад орнуудаас ялгардаг.
 
-Залуучууд “Жи Си Ай Монгол” байгууллагын босгыг өндөр гэдэг. Жирийн малчин залуу танайд нэгдэх боломж бий юу?
 
-Байгууллагын дүрэмд зөвхөн лидерүүдийг нэгтгэнэ гэсэн заалт байхгүй. 18-40 насны идэвхтэй бүх иргэн хамрах боломжтой. Гагцхүү залуус өөрсдийн зардлаараа олон улсын хуралд хамрагддаг учраас босго өндөр гэсэн яриа гарсан байж магадгүй. Мөн жилд төлдөг татвар бусад ТББ-уудаас өндөр юм.
 
-“Жи Си Ай Монгол” одоо хэдэн гишүүнтэй болоод байна?
 
- Манайх 770 гаруй гишүүнээр хүрээгээ тэллээ. Гишүүдийн насжилтын хувьд 33-тай залуус зонхилж байна.
 
-Ингэхэд “Жи Си Ай”-д  ямар салбарынхан гишүүнээр элсдэг вэ?
 
 - Ер нь янз бүрийн салбарын хүмүүс байдаг. Бизнесийн чиглэлийн хүмүүс их элсдэг.
 
-25 жил гэдэг бол бага хугацаа биш. Хүчтэй залуусаар хүрээгээ тэллээ гэж та хэллээ. Энэ хүч монголын нийгэмд хэр нөлөөлөв?
 
 -“Жи Си Ай Монгол” гишүүдийнхээ бололцоонд тулгуурлан нийгмийн сэтгэл зүй рүү чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 2014 оноос “Инээмсэглэх Монгол” төслийг орон даяар явуулах санаачилга гарган “Найрсаг Улаанбаатар” төслийг нийслэлд хэрэгжүүлсэн. Улаанбаатарын иргэд яагаад бухимдалтай байна вэ. Яагаад хотын иргэд наад захын соёл иргэншилд суралцахгүй байна вэ гэдэгт судалгаа явуулсан. Өөрөөр хэлбэл найрсаг индексийг олон улстай адил тооцох систем рүү явах санаачилгыг гаргалаа. Өмнө нь Монголд найрсаг индекс тооцогдож байгаагүй. Үүнийг гаргаж ирснээрээ нийгэмд сайн жишгийг тогтоосон. Сингапур улс гэхэд найрсаг байдлынхаа индексээр дэлхийд тэргүүлдэг. Харин Улаанбаатарын найрсаг байдлын индекс  3.5 үзүүлэлттэй гарсан. Энэ жилээс хүрээгээ тэлээд 21 аймагт Найрсаг индексийг тооцохоор ажиллаж байна.
 
-Найрсаг индексийг тооцсоноор нийгэмд ямар үр дүн гарах вэ?
 
- Аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн манайхан их ярьдаг. Тэгсэн хэрнээ жуулчид хүлээн авах хөрс нь сул байна. Тухайлбал хар арьстай жуулчныг хөдөө орон нутгийнхан хэр найрсаг хүлээж авах вэ. Үүнд  бэлэн үү. Тэд олон зуугаараа жуулчлахаар ирж буй хятадуудыг хүлээж авах уу гээд найрсаг индексийг тооцох нь чухал.
 
Дээрх үзүүлэлтийг хамарсан судалгааг бид “ММ СИ ЖИ” судалгааны байгууллагатай хамтран явуулсан. Судалгаагаар хөдөө орон нутгийн индекс 3.8 хувьтай гарсан.
 
Энэ нь хөдөө орон нутгийнхан хотынхноос илүү найрсаг гэдэг нь харагдлаа. Дээрх төслийг урт хугацаанд хэрэгжүүлж байж үр дүн гарна. “Жи Си Ай Монгол” байгууллага 25 жилийн хугацаанд 83 төслийг хэрэгжүүлсэн.
 
-“Жи Си Ай” байгууллагын гол үзүүлэлт бол хувь хүний хөгжилд анхаардаг. Та бүхэн хувь хүний хөгжил рүү дөтөлсөн ямар төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв?
 
-Манай байгууллагын хувьд 4 боломж олгодог. Эхний үзүүлэлт нь хувь хүний хөгжил. Гишүүнээр элссэн хүн хамгийн түрүүнд нийгмийнхээ нэг хэсэг гэдгээ маш сайн ухамсарладаг. Өөрөөр хэлбэл миний оролцоо нийгэмд ямар чухал вэ гэдгээ ойлгодог.
 
Түүнчлэн “Жи Си Ай”-д элссэн залуус энд элссэнээр бие биенээсээ суралцдагаараа онцлогтой. Манай байгууллага сургалтын институцээрээ  дамжуулан бүх чиглэлээр сургалт явуулдагаараа ололттой.
 
-“Жи Си Ай Монгол” бусад салбаруудаасаа юугаараа ялгарч байна вэ.  Олон улс дахь “Жи Си Ай Монгол”-ын  давуу тал нь юу вэ?
 
-Нийгэмд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ далайцаараа Азидаа ялгардаг гэж хэлж болно. Ер нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэмээн сайшаагддаг. Түүнчлэн бүсийн болон олон улсын чуулга уулзалтад оролцох үед дэлхийн хөгжлөөс хаана явна вэ гэдэгт дүгнэлт хийж бусадтай харьцуулдаг. Дараа нь Монголдоо юу хийх вэ гэсэн сэдлийг олдог.
 
 -“Жи Си Ай Монгол” байгууллага Японы  салбартай нягт хамтарч ажилладаг гэж сонссон. Энэ тухайд?
 
-Дэлхийн “Жи Си Ай”-д Япон орон хамгийн нэр хүндтэй байгууллагад ордог. Өндөр гишүүнчлэлтэй үндэсний байгууллага гэдгээрээ тэд бусдаас ялгардаг. Манай байгууллага Японы хоёр салбартай харилцаатай.
 
Тухайлбал  900 гишүүнтэй Осака болон Токио хотын салбартай хамтран ажилладаг. Манай улс Осака хотын салбартай хамтран Монголдоо хүүхэд рүү хандсан төслүүдийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд “Жи Си Ай Монгол” байгууллагын Улаанбаатар дахь салбар Японы Даян дэлхийн энх тайвны элч цолыг монгол хүүхдүүдэд олгосон.
 
-Японы “Жи Си Ай” байгууллагын гол онцлогын талаар та юу хэлэх вэ?
 
-Маш өндөр соёлтой. Тухайлбал байгууллагынхаа дэг журмыг сахих, хэвшүүлэх талаар гойд. Маш олон гишүүнтэй, зохион байгуулалт сайтай, аливаа зүйлийг урьдаас төлөвлөж, алдаагүй хийдгээрээ ялгардаг. Түүнчлэн “Жи Си Ай Монгол” байгууллагыг үүсгэн байгуулахад нь Японы Жүн Ишида гэдэг хүний хувь нэмэр их.  
 
Дэлхийн “Жи Си Ай” -д “ABDC” буюу шинэ салбарт зөвлөгөө өгдөг албан тушаал байдаг. Жүн Ишида  Монгол дахь салбарт зөвлөгөө өгсөн хүн. Тэрээр Монголд энэ байгууллагыг байгуулах гэж 4 жил хөөцөлдсөн. Тиймээс бид 25 жилийн ойгоороо түүнийг онцлон дурсаж, баримтат кинондоо оруулсан. Дэлхийн “Жи Си Ай”-гийн 100 жилийн ойгоор бид  түүний шарил дээр очиж хүндэтгэл үзүүлсэн.
 
-Монгол дахь “Жи Си Ай” байгууллагын ямар салбар ажил үйлсээрээ  тэргүүлж байна вэ?
 
-Одоогоор Дарханд 2 салбар, Эрдэнэтэд 1 салбар ажиллаж байгаа. Энэ нь илүү хэмээн онцолмооргүй байна. Зарим салбарын төсөл  сайн хэрэгждэг бол  нөгөөх нь гишүүддээ хандсан үйл ажиллагаагаар илүүрхдэг. Ер нь бол шилдэг салбарын үзүүлэлтийг бид Үндсэн чуулганаараа гаргадаг.
 
- Монголын нийгэм, эдийн засгийн хүнд үед  “Жи Си Ай Монгол” байгууллага улс орнынхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулж байна?
 
-Гэр хороололд байгаа хувь хүнд туслахаасаа илүүтэй далайцтай зүйл рүү чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл боловсролын салбарт юу хийж болох вэ. Хүүхдэд хандсан ямар ажил өрнүүлэх вэ гэдэгт  түлхүү анхаарч ажиллахыг хичээж байна.
 
Суурь хүмүүжлээс эхлэн улс орныг авч явах ирээдүйн төлөөллийн үндэс тавигдана. Тиймээс үүнд түлхүү анхаарч байна даа.  Мөн улс төр дэх оролцоотой зарим гишүүд маань хуулийн төслүүд санаачлах, үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг дэмжүүлэхэд анхаарч байгаа.
 
-Хувь хүний хөгжлийг дэмждэг “Жи Си Ай Монгол” байгууллагаар нэлээн олон улс төрч дамжиж гарсан. Иргэдийн хувьд улс төрчдөд итгэх итгэл суларч байна. Баг өмссөн  хоёр нүүртэй хүмүүс  олон болж. Танай гишүүд энэ хүмүүсээс юугаараа ялгарах вэ?
 
-“Жи Си Ай” байгууллага  шашин, улс төрөөс ангид  байхыг дүрэмдээ тусгадаг.  Бид нийгэмд хэрэгтэй ирээдүйн идэвхтэй иргэдийг  бэлтгэж байгаа төрийн бус байгууллага.
 
Манай байгууллага улс төрийн хүчин  болон сайн бизнесмен бэлтгэх гэж зориогүй.  Бид иргэн хүнийхээ хувьд нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг, байгууллагын сайн ажилтан байж чаддаг хүмүүсийг бэлтгэхэд л чиглэж байгаа.
 
-Та сая “Бид  хүчтэй дуугардаг цаг үе дээрээ ирлээ” гэлээ. “Жи Си Ай Монгол” 2016 онд ямар салбарт хүчтэй дуугарах вэ?
 
-Салбар хэмээн онцгойлохоосоо  илүүтэй бид хэнд хүрч ажиллах вэ гэдэгт төвлөрнө. Маш олон чухал салбар бий. Тухайлбал боловсролын салбарт үнэхээр бидний хэрэгцээ, шаардлага байх жишээтэй. 10 жилийн хүүхдүүдэд сэтгэлгээний өөрчлөлт хийхээр  орон нутгуудаар явсан.
 
Мөн ажлын байрны аз жаргал гэдэгт анхаарч байна. Яавал хүн стрессгүй байх вэ гэдэг гаргалгаанд анхаарч буй юм. Бухимдалтай хүнээс ажлын бүтээмж гарахгүй. Тиймээс ажлын байрны бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх вэ гэдгээс эхлэн нийгмийг авч яваа хүн рүү хандсан зүйл хийхийг зорьж байна.
 
Бид сая 21 аймгийн  залуусыг нийслэлд авч ирэн  чуулган хийлээ. Хөдөө орон нутгийн залуусын хувьд хөгжил гэж юу вэ, орон нутгаа яаж хөгжүүлэх  вэ гэдэгт  ойлголцолын зөрүү маш их байсан. Хөгжил гэдгийг ямар хэлбэрээр харж байгаа юм.
 
Аймгийн удирдлагууд залуучуудтайгаа нийлж хөгжлийн бодлогоо тодорхойлж байна уу, орон нутгийн залуустай ямар салбарт хамтрах  вэ гэдгийг нээсэн чуулган болсон. Чуулганы зорилго нь  орон нутгийн ондоошил буюу ялгарал дээр юуг хөгжүүлж өрсөлдөх вэ гэдгийг тодорхойлохыг зорьсон.
 
 -“Жи Си Ай Монгол” –ын ирээдүй хэр гэрэлтэй байна вэ?
 
-Тэлэлтийг харж байна. Бид тэлэх цаг болсон. Улаанбаатар болон орон нутгийн 3 салбараар хязгаарлаж болохгүй бүх аймагт төлөөлөлтэй болж орон нутгийг авч явах “Жи Си Ай”-чуудын хүрээг тэлнэ. Залуучуудаа бүх талаар  хөгжүүлснээр боловсон хүчний бодлого тэлж улс орон хөгжих гэрэл гэгээг бий болгоно.
 
-2017 онд Монгол Улсад “Жи Си Ай” байгууллагын Азийн бүсийн чуулган болно. Та бүхэн бэлтгэлээ хэр базааж байна?
 
-Ирэх жил Азийн бүсийн 26 орны төлөөлөл манай оронд чуулна. Тэр залуус 7 хоногийн турш  сургалт явуулахын зэрэгцээ Монгол оронтой танилцана. Бид олон улсын  чуулганы жишгээр зохион байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотоо хэрхэн танилцуулах вэ, хаана хүмүүсээ хүлээж авах вэ гэдэгт төвлөрч ажиллаж байна. 
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг