sonin.mn
 
БУЭНОС-АЙРЕС./TASS/. Аргентиний Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Фернандес де Киршнер (2007-2015 ), Эдуардо Дуальде (2002-2003 ), Фернандо де ла Руа (1999-2001), Адольфо Родригес Саа (2001 ), Рамон Пуэрта (2001 ) болон Эдуардо Каманьо (2001-2003 ) нарын зургаан хүн тус улсын Ерөнхийлөгч асан Карлос Менем-ийн хүү амиа алдсан хэрэгт холбоотой мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагджээ. Тэднээс байцаалт авах шийдвэрийг шүүгч  Карлос Вильяфуэрте Русо гаргасан байна.
 
Фернандес де Киршнер-ээс бусад таван экс-Ерөнхийлөгч  6 дугаар сард болох шүүх хуралд биеэр оролцож, бичгээр мэдүүлэг өгөх аж. Тэднээс гадна Аргентиний тагнуулын газрын дарга байсан Федерико де Сантибаньес болон Эктор Икасуриага нарыг ч мөн адил байцаалт авахаар дууджээ.
 
Аргентиний төрийн тэргүүн байсан хүмүүсийг гэнэт байцаах болсон шалтгаан нь, өнгөрсөн долоо хоногт Карлос Менем мэдүүлэг өгөхдөө, түүний хүүг хөнөөсөн хэрэгт Ливаны “Хезболлах” бүлэглэл холбоотой гэж мэдэгдсэн явдал юм. Менем-ийн ярьснаар, Аргентиний Гадаад хэргийн сайд асан Гидо ди Телла дипломат шугамаар авсан энэ талаарх мэдээллийг түүнд өгчээ.  
 
1995 онд К.Менем-ийн хүүгийн жолоодож явсан нисдэг тэрэг Буэнос-Айрес хотоос 200 км-ийн зайд орших Сан-Николас хотын ойролцоо нисч яваад осолдон сүйрсэн юм. Менем-ийн хүү эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Ослын шалтгааныг  мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш талийгаачийн төрөл төрөгсөд уг осол бол санаатай халдлага байсан хэмээн мэдэгдсээр байгаа юм.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг