sonin.mn
Лавсан орох цасан доогуур нэвсгэр бараан нөмрөгтэй хүн шалмаг түргэн ирж явахыг цачрын дутуу сөхөгдсөн үүдэн завсраар хараад Дмитрийн зүүн хэрээгийнх нь доогуур нэвт хаван гарсан сэрээ зэвний шарх шархирах шиг болов. Хэлгүй мэт ган дуугүй, дохио зангаагаар харьцах хөө хар царайтай тэр домч биед нь үлдэж хоцорсон хулсны залтсыг амьд хүн биш, хүүр төнхөж буй мэт урт нарийн сэтгүүр хавчаараар удтал ухаж байж гаргаж авсансан. 
 
Нүднийх нь өмнө түүний зэвсэг нэгт дайчдыг, хөгжилтэй Киевийн зоныг ярганы газарт мэт хядаж, гоо сайхнаараа, сүр жавхлангаараа аль арван насандаа Ласли дарханы голж орхисон царсан иштэй оготор илдээр гангарч, аавыгаа даган ирэхэд гайхуулан бишрүүлсэн Киевийн алтан дээвэрт өндөр өндөр сүм дугануудыг адууны зүчээний ч дайтайд үзэлгүй шатааж орхисон энэ өшт дайснуудынхаа хүнд чийрэг гар дор дараатай хэвтэж буйдаа даанчиг ихээр шаналж байсан тулдаа л тэгэхэд тэр хөө хар царайтын төмөр сэтгүүрийн төнхөлтийг үл тоосон билээ.
 
Хутагт Василийн сүмийн үүдэнд дам илд бариад хөндөлдөн, хэнийг ч ойртуулахгүй ширвэж байхад нь тэр сум баруун хэрээгээр нь хаван орж, өөрийн мэдэлгүй илдээ алдан суун туссансан. Яг энэ агшинд нүднийх нь өмнүүр цахилгаан цахилах шиг болоод харанхуйлан манарч билээ.
 
Түүнийг илдээ алдмагц нэгэн монгол цэрэг хүнд мончуургаар болд дуулгыг хонхойж, ёнхойтол тархин дундуур нь буулгасан нь тэр байж. Эвдэрсэн дуулгыг нь түүний толгойноос салгаж авах гэж багагүй ноцолдсоныг харин тэр мэдэхгүй байлаа.
 
Дмитрийг монгол цэргийн хүрээнд нэгэн сарыг чилээхэд тэр сумны шарх ч, тархи толгойны хүнд бэртэл ч санаанд оромгүй түргэн илааширч, ер шархдаагүй, цоо эрүүл мэт болж, хүч чадал нь өдөр өдрөөр эргэн сэргэж байгааг тэр мэдэрч байв.
 
Хэдий тийм авч байнга эргэн, шархыг нь үзэж, хурц үнэртэй түрхлэг түрхэж, дотроос нь адууны шээс мэт эхүүн гашуун ундааныг өдөр бүр өгөх энэ хөө хар домчийг харах бүр зүүн хэрээгийнх нь доогуур шархирах шиг мэдрэмж төрнө. Магадгүй энэ домчийн хүчинд бие нь тийм хурдан сэргэсэн байх.
 
Харин сэтгэлийнх нь шарх улам сэдэрчээ. Олзлогдсон оросуудын цуваа нэмэгдэн ирж, хүрээ буудлаар хөл чимээ болж, монголчууд шинэ шинэ ялалтуудаа тэнгэрт магтан уухайлах бүр уй гуниг сэтгэлийг нь шаналган, цөнгөө түрж буй их Днепр мэт уур хилэн цээжинд нь хүрхрэх бөлгөө.
 
Төрөлх Данило нь газрын хөрснөөс арчигдсаныг тэр мэдэж байв. Төд удалгүй Владимир хот болон бусад хотууд хэрхэн гашуунаар, ичгүүртэйгээр ээлж дараалан унасан болохыг олзлогсодоос сонсов. Гэр бүлээс нь өдий хүртэл сураг гарсангүй нь үнс нурман дор үүрд нойрссон ч байж мэдэх юм.
 
Арван нас хүрч, биедээ хутга зүүж явах эрхтэй болсондоо эрдэн хөөрч, асрагч эмгээ Василизагаа түлхэн унагаад адуу зүчээ рүү гүйж одсон дүрсгүй хүү Митришкагийнх нь ов тов цоохор хамар нүдэнд нь харагдана.
 
Түүнд зориулан хүндэтгэн босгосон цачиртаа суугаад үе үе гүн бодолд дарагдах билээ. Урьд өмнө хэзээ ч ийнхүү орчлон хорвоогийн явдал, өнөд хойчийн хэргийг магадлан эргэцүүлж байсангүй. Бодох бүр Орос орны хувьд гарцгүй мэт...
 
Харин энэ монголчуудын хувьд Дмитрийд зэрлэг, догшин, адгуусан мэт анхлан төсөөлж байсан нь ихээ хол андуу төсөөлөл болохыг өдөр өдрөөр анзааран мэдэж, тийн мэдэх бүр тэдний хүч чадал, энэ их зориг золбоо чухам юунд байгааг мэдэхсэн гэсэн хүсэл цогшино.
 
Тэнгэр, хувь заяа ийм их эрх хүчийг зөвхөн тэдэнд л заяасныг нь мэдрэхэд яагаад бидэнд биш билээ гэсэн харуусал цээжийг нь зурна. Энэ монголчууд үнэхээрийн өөр, мах цус нэгт оросуудаас нь харагдах бараа, үзэгдэх зүсээрээ хол ялгаатай шигээ бодол санаа, дэг журам, итгэл зориг бүхнээрээ ч мөн тийм хол ялгаатай болохыг ажигч сэргэлэн ухаанаараа олж харж байлаа.
 
Үгүй ядаж л монголчууд хэрхэн хүрээлэн буудаллаж буйг харахад бахдаж бишрэхгүй байх аргагүй. Оросуудын хувьд төсөөлөхөд бэрх нарийн дэгтэй. Мянга мянган цэрэг эрсийн хүрээ буудал гэхэд сүмд мэт амгалан, дүнсгэр.
 
Хэрвээ оросууд ингэж нэг газраа мянга мянгаараа цугласан бол хэрхэн өдөр шөнөгүй дүнгэнэн бужигналдацгааж, хашгичин орилолдоцгоож, ойр орчмын хорин мод газрын хамаг амьтныг үргээж, хамаг дайсныг урин дуудахаар хөл хөс болдогийг Дмитрий санан гашуунаар санаа алдана.
 
Тийм их дуу шуутай атлаа, халз тулах болохоор болгоомж сэрэмж гэж ер үгүй, нугад бэлчих хэдэн тугал хөөх гэж буй мэт хошууран орох хойноо дайсан нь тугал шиг орилолдон сүүлээ оодогнуулан одсонгүйд гайхан зогтусаж, өөдөөс нь хурц зэвсэг гялалзуулан эр чадлыг тэнсэн тулахаар шийдмэг төгс байгааг хараад баахан сүрдэж, учиргүй тавхай гялалзуулан зугтаж шившиг болчихолгүй хэрхэн яаж мултрах билээ хэмээн элдвийн арга бач хайн бодолд унаж, таг дуугүй гөлийлдөх нь олонтаа.
 
Харин энэ хүрээ буудлынхаа дотор хорхойд хоргүй номхон ажин түжин суух монгол эрсийг улангассан тулалдаанд түүний өмнөөс хор идсэн баавгай шиг бархиран, үсчин дүүлэн дайрч байсан хүмүүс мөн гээд төсөөлөхөд ч бэрх.
 
Намхавтар нуруутай ч арслангийн хүч оршсон гэмээр өргөн хүдэр цээжтэй, хусны цог мэт хурц атлаа онигор зуувин нүдтэй энэ хүмүүс хэзээ ч өөр хоорондоо хэрэлдэж маргалдана гэж үгүй, тэр ч бүү хэл дуугаа ч өндөрсгөж ярилцах нь нэн ховор. Оросын хуаранд бол хэрүүл маргаангүй байвал харин хуаран биш болно. Монголчуудын идэж ууж буй нь, унтаж амарч буй нь ч үзэгдэж харагдахгүй. Харин түүний оросууд бол идэж уухаа, унтаж амрахаа бах цэнгэл болгодог заншилтай билээ.
 
Энэ номхон зөөлөн хүмүүс харин байлдаж тулах цаг болоход ямар аймшигтай дуугаар архиран дайрдагийг тэр чихээрээ сонссон, зэр зэвсэгтээ ямар гаргуун эзэн байдгыг тэр биеэрээ мэдэрсэн, барс ирвэс мэт ямар хурдан шаламгай, овжин дайтаж тулалддагийг тэр нүдээрээ харсан билээ.
 
Тэд хос хосоороо, тав арваараа нэг нийлэн, нэг тарж, нэг давшин, нэг ухарч, чухам яах гэж, хаанаас нь дайрах гэж буй нь ч үл ойлгогдом хачин сониноор тулалдах нь Дмитрийг бүр гайхшруулж орхисонсон.
 
Түүний мэдэх оросын аль ч ванлигийн шилдэг цэргүүд, Аукштайтийнхан, Псковынхон, тэр ч бүү хэл баруун зүгийнхний чимэг болсон немцийн тевтонын хүлэг баатрууд ч энэ монголчуудтай тулж ялна гэдэг зөвхөн зүүд мөрөөдөлд л байх юм гэдгийг энэ хуаранд байх хугацаандаа улам бүр мэдэрч байлаа. Чухам умардынхны үлгэр домогт гардаг Один тэнгэрийн цэрэг арми л ийм байдаг буй за.
 
Сүүлийн өдрүүдэд Дмитрий монголчуудыг өөртөө улам бүр нээж, тийн нээх бүрдээ тэднийг ялах ямар ч найдваргүйдээ сэтгэлээр унаж, бас энэ монголчуудын хүч чадлынх нь нууцыг мэдрэх бүрдээ бахархал бишрэл төрж буйг тэр мэдэрч байв. Сэтгэл санааныхаа энэ хоёрдмол байдалд тэр өөрөө бас гайхах бөлгөө.
 
Цачрын үүд аяархан сөхөгдөж домч орж ирэв. Дмитрий харцаа алгуур сөхөн харвал домч биш Бат хаан өөрийн биеэр үүдэнд зогсож байх нь тэр. Тархиндаа хүнд мончуургаар дэлдүүлээд ухаан орохдоо чухам энэ хүний өмнө нүдээ нээсэн билээ. Дмитрий ухасхийн босож, баруун гараа элгэндээ аваад мэхийн хүндэтгэв. Анд нөхдийн хувьд бүү хэл атаат дайсны хувьд ч энэ хүн бол аргагүй хүндэтгэл, бишрэл төрүүлэх Их хаан билээ. Чухам ийм хүчирхэг цэрэг армийг ийм л сүр жавхлантай Их хаан захирах буй за.
 
Гэтэл монголчуудад Бат хааныг ч захирдаг Их хаан бас бий гэлцэнэ. Тэр Их хаанд Бат хаан шиг, Сүбээдэй баатар шиг, Оросын баатар хотуудыг ганц ганц түншилтээр унагаж орхисон Байдар, Хадаан, Бэрх, Хайду, Мөнх зэрэг монголын бусад хан хөвүүд шиг хаан, ханхүү, баатар эрс дэндүү олон бий гэлцэнэ. Тэд Их хааныхаа дохих төдийд ертөнцийн хязгаар бүрт одож, ийнхүү эрх дураараа дүүлэн давхилдаж, элин халих цагаан шонхорын дүрстэй сүлд юугаа намируулж яваа гэх.
 
Тийм бол тэр Их хааных нь бараа сүрийг нэг харахсан, тэгэх аваас мянган дайнд ялан гарснаас ялгаа юун.
 
Бат хаан идрийн цог бадарсан харцаар Дмитрийг нэвт шувт ширтээд ийн өгүүлэв.
 
“Таны шарх бүрнээ илааршсаныг домчоос мэдэв. Таны өмнө манай зэвсгийн сан бий. Та тэндээс хүссэн илд, зэвсгээ дураар сонгож авагтун. Бид алс баруун их далайн хөвөө хүрч, Ром хэмээх их санаатай улсын давилуун омгыг мохоохоор очино.
 
Зам зуураа урвагч куман, урвагч мажараас бас ял асууна. Хэрвээ та баруун далайн давалгааныг үзэхийг хүсвээс илд юүгээ агсаад бидэнтэй цуг явагтун. Бид таныг Мөнхтэнгэрийн ивээлт Хөх төрийн дайчин хэмээн талархан угтана.
 
Хэрвээ та үл хүсэх аваас хаа дуртай зүгтээ явж одогтун. Баатар зориг, чин шударга тань Мөнхтэнгэрт таашаагдаж, та ийм эрхийг олсон. Гэхдээ дараагийн удаад бидний илд дахин зөрөлдөх аваас бид ёсыг гүйцэтгэхээс өөр аргагүй гэдгийг та ойлгож байгаа” гэлээ.
 
Тийм ээ, ертөнц дахиныг эрхшээх хувьтай төрсөн энэ баатар эрстэй дөрөө харшуулан, ертөнцийн баруун хязгаарт хүрч, их далайн давалгаан өлмий юуг нь аргадах мэт долоон байхыг мэдэрч, тэртээ тэнгэрийн хаяаны бүгт шаргал эмжээрийг ширтэн зогсож, бах цэнгэлийг ханатал үзэхсэн. Хуяг дуулга эгэлдрэглэж, илд саадаг агсан, дайчин уухай дуудаж үзсэн хэн бүхэнд олдошгүйяа ховор хишиг билээ.* Тэгээд Дмитрий ийн өгүүлэв.
 
“Бат хаан. Чиний тааллаар надад өглөөд наран мандаж, үдшээр харанхуйлах билээ. Улс олныхоо уй гуниг, ялагдал доройтлоор дүүрсэн өдрүүдийг дааж ядан үүрч явнам би. Энэ өдрүүдийг таслах эсэх нь мөн чиний таалалд. Өнөө чи намайг дахин ивээж, хувь заяаны минь жолоог гарт минь атгуулжээ.
 
Чи болон чиний баатруудтай хамт баруун их далайн ус ямархан шорвог байдгыг мэдэхсэн гэж туйлаас хүснэ. Хүсэл ийм байвч зүрх сэтгэлийн минь шаналан, уй гашуу миний гарыг залж, хүлгийн минь жолоог их далай цалгилан буй баруун зүгт биш өвөг дээдсийн минь яс цайх өөр зүгт чиглүүлж байна. Бутарсан олноо цуглуулж, нурсан хот саравчаа босгох тэр зүгт жолоог минь залж байна. Болгооно уу” гэлээ.
 
Бат хаан “Чухам зөв” гэж огцом тод хэлээд ихэд зөвшөөн толгой дохив. Хэрвээ өөртэй нь хамт баруунш зорихоор болсон бол энэ эрийн үнэн зоригийнх нь үнэ цэнэ нэг шат доош унах билээ.
 
Тэгээд Бат хаан хуруу инчдэхэд дотоод харуулын хэвтүүл цэрэг шурдхийн орж иржээ. Дмитрийн хувьд тэр цэргийг хэдийд цачрынх нь хаяанд ирчихсэн дохио хүлээн зогссоныг анзаарч мэдээгүй билээ. Ер эдний зарим үйлдэл могой гулсах шиг чимээгүй, тэр хэмжээгээрээ сэрэмжтэй, бас аюумшигтай. Бат хаан тэр хэвтүүлд хандаж “Дмитрий дайчныг зэвсгийн санд хүргэж өгөгтүн. Юу дуртайгаа сонгож аваг. Агтанд хүргэгтэн. Хүссэн хүлгээ сонгож аваг. Зүүн хаалганд хүргэгтүн. Дуртай зүгтээ одог” гэлээ.
 
Бат хааныг эргэвэл Дмитрий хоолойгоо засав. Бат хаан зогсосхийн хүлээлээ.
 
“... Бат хаан, хэрвээ чи барууны босоо бамбайтнуудыг дайлах гэж буй бол, алс далайн хязгаар хүртэл аялах гэж буй бол энд, энэ оросын газар нутагт удаан тухлах хэрэггүй. Өнгөрч буй өдөр бүр чиний ялалтыг холдуулна. Чиний баатруудын харвасан сумны эрч суларч, харин тэд хар дарсан зүүднээсээ сэргэх болно.
 
Оросын газар нутаг хэвлийдээ эрч хүчээ хуримтлуулж байгаа гэдгийг бүү март. Оросын газар нутгийн тэр эрч хүч чамд, чиний баатруудад эрч хүчийг нэмэхгүй. Яагаад гэдгийг чи мэдэж байгаа, энэ чиний төрөлх газар нутаг биш.
 
Та нарын хүч чадал, ялалт цаг хугацааг өөрийн болгож чаддагт бий. Их Оросын уудам нутгийг эзэллээ хэмээн алгуурлан тайвшрах аваас энэ уудам нутаг та нарыг алмайруулан, хүчийг чинь сорох болно.
 
Далайсан илд чинь буугаагүй, хашгирсан дууны чинь цуурай намдаагүй байгаа дээр шонхор шувуу шигээ дүүлэн давш. Шунган ор. Хувь заяа, та нарыг ивээгч тэнгэрийн өгч байгаа аугаа ялалтуудаа шүүрэн барьж ав. Бушуу түргэн мордоцгоо...”
Дмитрийн үг энэ байв. Сэтгэл хөдөлснөөс хоолой нь чичигнэн хүнгэнэнэ. Бат хаан түүний хэлснийг сонсоод хариу өгсөнгүй, бавгар их сахлаасаа болоод ихийг туулсан өвгөн хүлэг мэт харагдавч нас нь яагаа ч үгүй энэ хүдэр чийрэг, ясархаг орос эрийн тод цэнхэр нүдийг ширтэн хэсэг зуур бодолхийлэн чимээгүй зогсов.
 
Дмитрийн үг үнэн байлаа. Тэр төрөлх оросынхоо газар нутгаас монголчуудыг хурдан түргэн зайлж холдоосой гэсэндээ, бач мэх гарган ийн хэлээгүй гэдгийг Бат хаан сайн мэдэж байв. Их цэрэг нь хоёр жилийн өмнө булгар түмнийг Танайя хэмээх их мөрнийх нь хөндийгөөс үлдэн хөөж асан тэр цагаас хойш түүний эрс хичнээн урт зам, их цас мөс туулж, хичнээн олон хот балгадын хэрэм түншиж, хичнээн олон хатуу ширүүн тулаан хийв ээ.
 
Умардад мөнхийн мөсөн орны хязгаар хүртэл давшиж, өмнөдөд Кавказ хэмээх их уулсын үзүүр шувтартал довтолгожээ. Кумануудтай хөөцөлдөн Дештийн элсэн цөлөөс Буг голын хоорондох цөл тал, ой тайга, гол мөрөн, намаг шалбааг бүхнийг туулан хэдэнтээ нааш цааш хэрэн давхилджээ.
 
Оросын олон ванлигийг дуусгаж, куманын үлдэгдлийг баруунш дутаалган алдаж, буртас, башкир, мордва, алан, черкес зэрэг олон үндэстний зоригийг нуга даржээ. Энэ бүхний эцэст түүний баатар жанжидийнх нь царай төрхөд, цэрэг дайчдынх нь алхаа гишгээнд энэ бүх ялалтууддаа ханаж цадсан мэт амгалан тайван байдал илт анзаарагдах болсныг хашир Сүбээдэй баатар сануулан хэлсэн нь чухам үнэн байв. Ийм тайвшрал бол маргаашийн бүтэлгүйдлийн эхлэл болдогийг Сүбээдэй баатар сайн мэдэж хэлжээ.
 
Тиймээ, монгол цэрэг энд, ялан дийлэгдсэн оросын газар нутагт удаан сууж хэрхэвч болохгүй. Энэ орос баатрын хэлдгээр хашгирсан дууны маань цуурай намдаагүй дээр баруунд уулгалан орсугай. Шонхор шувуу олзоо бариад хэзээ ч хад чулуун дээр үүрэглэн суудаггүй билээ.
 
Дмитрийн зүрхэнд өөрсдийнх нь аугаа ялалтуудын бах цэнгэлээр баясан дуулах дуу хоолой бас буй аж.
 
Ер жинхэнэ эр зориг гэгч нь үнэнтэй ямагт барилдсан, өөрөөр хэлбэл үнэн, эр зориг хоёр нэг зүйлийн хоёр тал нь юм. Тийм эр зоригтон аар саархан зүйлд товойж харагддаггүй, хичээдэг ч үгүй, зөвхөн үнэнийг эрж хайхад, түүнийг эрслэн хамгаалахад л бүхнээ шавхаж чаддаг. Тийм учраас тэд зөвхөн үнэнийг л хэлдэг, хичнээн хэцүү байсан ч, бүр өөрийнх нь эсрэг байсан ч ялгаагүй.
 
Тийм зоригтон урваж шарвадаггүй, нэгийг бодоод өөрийг хэлдэггүй, элдэв бач, заль мэхгүй, энгийн үед хонь мэт номхон суух ч эгзэгтэй үед бүхнийг цөлөн зүтгэдэг цөлх чанарыг нь их өвөг Чингис хаан мэргэн бэлгээрээ онож, тийм эр зоригтнуудыг олж, өөрийгөө тойруулаад зогсохгүй тэдэнд үнэнийг эрж хайх, үнэнийг хамгаалах, үнэнийг тунхаглан зарлах зам чигийг нь өөрийн үг үйлдэл бүхнээрээ үлгэрлэн зааж чаддаг байсан. Тийм хүмүүсийг түмний өмнө товойлгон гаргаж, тэдэнд шавхагдашгүй хүчин чадлаа аугаа их үйлсийн төлөө шавхан дайчлах итгэл үнэмшлийг нь өгч чаддаг байсан.
 
Тийм учраас л түүний ард түмэн нийтээр чигч шударгуу болж төлөвшсөн билээ.
 
Бат хаан энэ зуур үүнийг эргэцүүлээд, өөрийгөө андуу харж, өчүүхэн өширхөг хүн өршөөгөөгүй гэдэгтээ баттай итгэж, чухам жинхэнэ баатар эр өмнө нь зогсож буйд сэтгэлд нь баясал төрөв. Тэгээд мөн Дмитрийн адил баруун гараа энгэртээ авч дор мэхийн хүндэтгээд, цачрын үүдийг сэвхийлгэн гарч одов.
 
Б.Наминчимэд