sonin.mn
АТГ-ын даргын томилгооны асуудлаар  АН өнгөрсөн долоо хоногийн  лхагва гаригт завсарлага авсан. Тэдний ажлын тав хоногийн завсарлага өнгөрсөн мягмар гаригт дуусгавар болсон ч эрх баригч намынхан хэлэлцэх асуудлын дараалалд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хурандаа Ц.Энхжаргалыг томилох эсэхийг оруулж ирэхгүй байгаа юм.
 
Харин өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тус газрын даргын томилгооны асуудлыг яаравчлахыг шаардсан ч хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй гэх шалтгаанаар  түүний хүсэлтийг хүлээн аваагүй юм. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.
 
-АТГ-ын даргын томилгооны асуудлыг Хууль зүйн байнгын  хороогоор хэлэлцэх  нь бүү хэл дараалалд оруулж ирээгүй байх юм. Таны  шаардлагыг байнгын хорооны дарга хүлээж авахгүй байх шиг байна л даа. Ер нь энэ газрын даргын томилгооны асуудал маш их сунжирч байгаа нь ямар учиртай юм бол?
 
-УИХ дахь АН-ын бүлэг хууль зөрчөөд үндсэндээ долоо хоночихлоо. Дахиад ч цаашаа хууль зөрчөөд яваад байх бодолтой юм байна л даа. Ерөөсөө эрх баригч АН-ынханд хууль үйлчлэхгүй. Харин  цөөнхөд, ард түмэнд хууль үйлчилнэ гээд хууль баталчихвал яасан юм бэ  гэж  бодогдож байна. Яагаад ингэж хэлэв гэхээр өнгөрсөн долоо хоногт сонгуулийн тойрог, мандатыг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар, өөрсдөө ялах байдлаар тойрог зурж, хуваарилж байх үед бид “Ийм шударга бус явдал байж болохгүй. Үүнийг эргэж ярилцаж, зөвшилцье” гэж хэлээд манай бүлгээс завсарлага авах хүсэлт  гаргасан.
 
 Гэвч харамсалтай нь “Хуулийн хугацаатай учраас та нарт завсарлага өгөхгүй. 25 минутын завсарлага  ав. Бид хууль зөрчиж чадахгүй. Тийм учраас хуульдаа баригдаад ийм хугацааны завсарлага өглөө” гэсэн. Бидэнд завсарлага өгөх болохоор хууль яриад байгаа мөртлөө  өнөөдөр өөрсдөө хууль зөрчөөд бүтэн долоо хоног өнгөрчихсөн байна.  Хуулийн хугацаатай асуудал дээр долоо хоногийн завсарлагыг өөрсдөө өгчихөж байх жишээтэй. Гэсэн атлаа өнөөдөр /өчигдөр/ дахиад хууль  зөрчөөд байна шүү дээ, завсарлага чинь дууссан, энэ томилгооны асуудлыг хэлэлцье гэхээр “Үгүй, хэлэлцэхгүй” гээд сууж байх жишээний. Энэ чинь ёстой нөгөө ариун явдал мөн юм уу гэдэг шиг юм болж байна шүү дээ. Шударга ёс хаачсан бэ гэж эрх баригч намынхнаас асуумаар байна.
 
-Нэгэнт Ерөнхийлөгч АТГ-ын даргаар энэ хүнийг томилъё гээд саналаа  өгчихсөн байхад эрх баригчид хууль зөрчөөд ч болов  байнгын  хороо, чуулганаар асуудлыг хэлэлцүүлэхгүй хойшлуулаад байгаагийн цаад шалтгааныг та хархэн харж байна вэ?
 
-Сурсан зангаараа, тулгын гурван чулуу нь  хоорондоо толхилцоод байгаа юм байлгүй дээ. Яагаад ийм юм болоод байгааг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан биднээс хамаараад байгаа л юм алга. АТГ-ын даргыг хурдан  томилооч гэхээр хүлээж авахгүй байна шүү дээ. Гэтэл сонгууль  юу  юугүй болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор АТГ-т маш олон асуудал үүсээд байна. Тухайлбал,  нэр дэвшигчид бие биеэ доромжилж, гүтгэх, нэрийг нь татуулах гэх мэтээр маш олон өргөдөл, гомдлыг тийш нь өгснөөр олон  асуудал үүсчихсэн байгаа юм билээ.  
 
Ийм нөхцөлд АТГ эзэнтэй байж, дээрх асуудлуудыг хуулийн хүрээнд, хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүйгээр  шийдэх ёстой. Энэ байгууллага эзэнтэй болсон цагт л асуудлыг шийднэ шүү дээ. Тийм ч учраас бид  шаардлага тавиад байгаа юм. Ингэхгүй бол 2012 онд юу болсон билээ. Та бүхэн ч мэдэж байгаа.  Манай намаас сонгуульд нэр дэвших эрхээ аваад гарсан хүмүүсийг эхнээс нь АТГ ачаад явчихсан. Иймэрхүү байдлаар хүмүүсийг хэлмэгдүүлэх,  өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүй, хохироох асуудал үүсэх вий. АТГ гэдэг бол сонгуульд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байгууллага шүү дээ. Тиймээс л энэ газраа эзэнтэй болгооч гэж шаардаад байгаа юм.
 
-ЦЕГ-ын даргын байр суурь бас тодорхойгүй байдалд шилжчихээд байгаа. Салбарын сайд нь энэ газрын даргыг “Үгэнд ордоггүй” гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөхөөр Ерөнхий сайдад саналаа хүргүүлчихсэн. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь хэлэлцүүлэхгүй гээд байгаа. Ер нь энэ бүхнээс харахад сонгууль  хаяанд ирчихээд байхад хүчний байгууллагуудыг эзэнгүй байлгах сонирхол эрх баригчдад байгаа юм биш биз дээ  гэж хардах хүн олон байна л даа?
 
-Харамсалтай л байна. Монголын төр төвшин, түмэн олон амгалан байх ёстой. Ард түмэн дөрвөн жилд нэг удаа төрийн эрхийг барьдаг. Энэ эрхээ эдлэхийн тулд цэвэр, шударга, ил тод, хүн бүрт тэгш боломж олгосон сонгууль явуулах нөхцөлийг эрх баригчид бүрдүүлэх ёстой. Ингэж байж шинэ төр засаг бий болбол ард түмэн төдийгүй Монгол Улсад хэрэгтэй юм. Гэтэл сонгууль дөхчихөөд байхад хүчний байгууллагуудыг тогтворгүй байлгах гээд байгааг, үүний цаана ямар санаа агуулаад байгааг ойлгохгүй байна.  
 
-Сүүлийн өдрүүдэд УИХ-ын чуулган болон байнгын хороод хуваарьтай асуудал хэлэлцэх үед гишүүд ирэхээ больчихлоо. Ирц хүрэхгүй гэх шалтгаанаар   хуралдаанаа хойшлуулаад байна л даа. Өнөөдөр л /өчигдөр/ гэхэд нэг байнгын хорооны хуралд 3-4 гишүүн л сууж байна.   Уг нь ажилдаа ирж, хуулиа батлах нь гишүүдийн үүрэг биз дээ. Сонгууль дөхсөн учраас хувь хувийнхаа  ажлыг хөөгөөд явчихав уу?
 
-Би  энэ талаар бас хэлээд л байгаа. Нөгөө л сандал, ширээний асуудал болон өөрсдийгөө ялуулах гэх мэт эрх ашигтаа нийцсэн асуудлыг хэлэлцэх болохоор хүрээд ирдэг. Хамгийн сүүлийн жишээ нь өнгөрсөн долоо хоногт өрнөсөн. Та бүхэн ч харсан шүү дээ. Сонгуулийн тойрог, мандат хуваарилах асуудлыг хэлэлцэхэд АН-ынхны ирц 100 хувь бүрдсэн. Яралзтал бүгдээрээ ирж суугаад л хүчээр кноп дараад явчихсан. Цөөнхийн бүлгийг аргагүй хүчгүйдүүлээд л өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаад явцгаасан.  Эрх барьж байгаа нам  үүн шигээ бүх асуудалд ийм ирцтэй оролцох хэрэгтэй шүү дээ. Засгийн эрх барьж л байгаа юм бол ачаагаа үүрч, үүргээ хүлээгээд хариуцлагаа ухамсарлаад явах ёстой биз дээ. Гэвч харамсалтай нь өнөөдөр  бүгд байхгүй. Хаана юу хийж явна гэхээр  сонгуулийнхаа сурталчилгааны зургийг авахуулаад л явж байгаа байлгүй.  
 
-Энэ сарын сүүлчээр  хаврын чуулганыг завсарлуулах юм  билээ. Гэтэл тавдугаар сар талдаа орчихоод байхад үр дүн тэг байна. Товлосон асуудлуудаа  үлдсэн хугацаанд багтаж батлах боломж ер нь байгаа юм уу?
 
-Мэдээж хуулийн хугацаатай асуудлуудаа  баталж таарах байх. Тухайлбал, төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 онд Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл гэх мэт хуулиар батлах хугацаатай асуудлуудаа бид батлаад явж таарна. Бусад хүч түрсэн, хууль  зөрчсөн, зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэсэн, сонгуулийн шоу хийх гэсэн хуулиудад бид оролцохгүй.
 
-Ойрын хэдэн өдөр МАН-ынхан бойкот хийгээд  байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй байна гэж эрх баригчид шүүмжлээд байгаа. Танай бүлгийнхэн үнэхээр ирцээр бойкот хийгээд байгаа юм биш үү?
 
-Бид бойкот хийсэн зүйл байхгүй. Тэгээд ч АН-ынхан нэгэнт олонх юм бол олонхоороо ирцээ бүрдүүлээд, ажлаа хийгээд, ачаагаа үүрээд явах ёстой биз дээ. Өөрсдөө ачаагаа үүрч, ирцээ бүрдүүлж чадахгүй байж МАН ажил гацаалаа гэж ярих нь утгагүй  шүү дээ. Өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн асуудалд бидэнтэй бидэнгүй ирцээ бүрдүүлээд ороод ирдэг биз дээ. Түүнтэйгээ адилхан улс орны эрх ашигтай холбоотой асуудлуудыг хэлэлцэхэд ирцээ бүрдүүлчих, бид оролцоход бэлэн байна. Түүнээс бидэнд төрийн ажлыг гацаах сонирхол алга.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин