sonin.mn
 
УИХ-ын Хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 11.30 минутад 39 гишүүн буюу 51.3 хувийн ирцтэй эхэллээ. 
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр болон маргаашийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлав. Энэ хоёр өдөрт нийт 30 асуудлыг чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод байгаа юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын гишүүд эцсийн хэлэлцүүлгийг хийх хууль, тогтоолыг жагсаалтын эхэнд хэлэлцэхийг санал болгосон ч УИХ-ын дарга татгалзсан хариу өглөө. 

Харин Л.Цог гишүүн Хэлмэгдэгсэдтэй холбоотой хуулийн төслийг хамгийн сүүлд оруулсан байгааг шүүмжлээд, хоёрхон асуудал батлах учир дарааллыг нь татахыг хүсэв. Энэ асуудлыг баталснаар маш олон хүн нөхөн олговор авах бөгөөд Хэлмэгдэгсэдтэй холбоотой хууль, тогтоолуудад УИХ хойрго хандаж байгааг мөн хэлж байлаа. Ингээд уг хуулийн төслийг зохих дарааллын дагуу дээшлүүлэх болов. Гишүүд мөн Оффшор данстай холбоотой хуулийн төслийг хэзээ хэлэлцэхийг лавлахад УИХ-ын дарга З.Энхболд ирэх долоо хоногт хэлэлцэнэ гэлээ.
 
Ингээд хуралдаан эхэлж “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-н тогтоолын төслийг хэлэлцэх гэсэн ч Ерөнхий сайд чуулганд ирээгүй тул хойшлуулав. Одоо Ерөнхийлөгчөөс 2016 оны хоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн Батлан хамгаалахыг багц хуулийн төсөл буюу Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлүүлээд байна. 
 
Н.Гантуяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг