sonin.mn
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 
 
Уг хуулийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 20, найруулгын 14 саналын томьёолол гаргасныг чуулганы хуралдаанаар нэг бүрчлэн санал хураалгаж, дэмжлээ. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлд "Төрийн цэргийн байгууллыг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төр, нийгмийн байгууллын үндэс, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно" гэсэн 8.4 дэх хэсэг, төслийн хоёрдугаар бүлэгт "Монгол Улсын төрийн цэргийн байгууллын удирдлага" гэсэн 9 дүгээр зүйлийг нэмэхээр болов.
 
Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг "Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд харьяа агентлаг, аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штаб, батлан хамгаалах зориулалт бүхий улсын үйлдвэрийн газар, цэргийн сургууль, судалгаа шинжилгээ, сургалт-үйлдвэрлэл, туршилт, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байна" гэж өөрчлөн найруулах, төслийн 13 дугаар зүйлд "Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нь цэргийн дээд цолтон байна" гэсэн 13.4 дэх заалт нэмэхийг байнгын хорооны гишүүд дэмжив. 
 
Санал хураах үеэр зарим гишүүдийн зүгээс тодруулах зүйл гарч байв. Тухайлбал Р.Гончигдорж гишүүн “Батлан хамгаалахын яам нь Жанжин штабаасаа ялгарахгүй байдаг. Энэ хоёр тусдаа байж болдоггүй юм уу. Төрийн нарийн бичгийн дарга нь заавал цэргийн байх ёстой юу? Цэргийн цолгүй сайдын алба хаах хэм хэмжээтэй байдаг. Дайны байдал үүсэхэд цэргийн цолоо аваад явна. Харин энгийн цагт Сайд, төрийн нарийн бичгийн дарга нь энгийн байх нь зөв” гэхэд Ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр гишүүн “Төрийн нарийн бичгийн дарга цэргийн мэргэжлийн олон үүргийг хүлээдэг.
 
Олон улсын яамдын бүтцийг судалсан. Зарим улсад Батлан хамгаалах яам нь цэвэр 100 хувь цэргийнхнээр удирдуулдаг юм байна. Дараагийнх нь холимог бүтэц байна. Сайд нь улс төрийн хүн Төрийн нарийн бичиг нь цэргийн хүн байдаг. Төрийн нарийн бичиг нь Төрийн өндөр дээд цолтой хүн байх шаардлагатай. Цэргийн мэргэжлийн хүн үүнийг удирдан чиглүүлэх зайлшгүй чухал” гэж хариуллаа. 
 
 
Ингээд зарчмын зөрүүтэй санал тус бүрийг хураалгаж дууссаны дараа Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 
 
 
Дараа нь Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуультай холбогдуулан зарчмын зөрүүтэй 18, найруулгын чанартай 17 саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.
 
Тухайлбал, төслийн 3 дугаар зүйл дэх "цэргийн захиргааны удирдлага", "цэргийн мэргэжлийн удирдлага" гэсэн нэр томьёог өөрчлөн найруулж тусгах, мөн төслийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг 9.3, 9.4 дэх хэсэг болгож "9.3.Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хэрэгжүүлнэ", "9.4.Зэвсэгт хүчний цэргийн захиргааны удирдлагыг төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, байгууллага, салбарын захирагч хэрэгжүүлнэ" гэж тус тус өөрчлөн найруулахаар болов. 
 
Хэлэлцүүлгийн үеэр Д.Лүндээжанцан гишүүн “Цэргийн сургуульд сургалт, эрдэм шинжилгээний соёл урлаг гэдгийг хасна гэдгийг ойлгосонгүй. Мөн цэргийн цагдаа гэдгийг заавал энд оруулах шаардлагатай юу. Гаалийн цагдаа, хилийн цагдаа, цэргийн цагдаа гээд янз бүрийн цагдаатай болох гээд байх шиг” гэхэд Ажлын хэсгийн гишүүн Л.Болд “Цэргийн цагдаагийн зохицуулалтыг зайлшгүй оруулах болсон нь олон шалтгаантай. Ерөөсөө иргэний талдаа ашигтай. Бүх оронд цэргийн цагдаагийн алба байдаг. Хуулийн зохицуулалтаа зөв хийгээд явбал цаашид ажиллах эрх зүйн үндсийг нь тавиад өгнө гэсэн үг. Цэргийн цагдаа зайлшгүй байх ёстой алба. Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн цагдааг явуулах олон улсын стандарт байдаг. Цэргийн албанд хяналт тавих тогтолцоо бий болно гэж ойлгож байгаа” гэлээ.
 
Мөн Ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр “Энэ хуулийн төсөлд Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын заал ялгааг сайн гаргах ёстой гэж үзсэн. Цэргийнхээ удирдлагыг Жанжин штаб нь удирдаад явъя. Жанжин штаб нь цэргийн хэргээ бүрэн хариуцна. Батлан хамгаалах яам Жанжин штабын даргаа томилдог байсныг болиулж байгаа. Энэ мэтчилэн олон зохицуулалтын асуудлаар ажлын хэсэг нэг мөр ойлголцолд хүрсэн” гэлээ. 

Ингээд Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 
 
Н.Гантуяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг