sonin.mn
 
ЛОНДОН. /ВВС/. Дэлхий дахинаараа өнөөдрөөс эхлэн ямар нэг арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд “Superbug” буюу ямар ч эмэнд дийлддэггүй тэсвэртэй нян гурван секунд тутамд нэг хүний аминд хүрнэ гэдгийг Их Британийн “Review on Antimicrobial Resistance” гэдэг байгууллагын хийсэн судалгаа харуулж байна.
 
 
Хүн төрөлхтнийг буцаад харанхуй үед орохоос урьдчилан сэргийлэх зорилготой эмчилгээний төлөвлөгөөг энэ судалгааны үндсэн дээр боловсруулан гаргах бөгөөд үүнд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. Үүний зэрэгцээ антибиотик хэрэглээнд хувьсгал хийж, хүмүүст боловсрол олгох кампанит ажил өрнүүлэхийг уриалсан байна.
 
Антибиотикийн эмчилгээнд дарагддаггүй халдварт өвчний вирустай тэмцэх нь дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд энэ нь “терроризмтой зүйрлэхүйц том аюул” юм. Гол асуудал бол бид хангалттай хэмжээгээр шинэ антибиотик гаргадаггүй, түүнчлэн байгаа антибиотикийг замбараагүй хэрэглэдэг явдал юм.
 
Их Британийн судалгааны байгууллага 2014 оноос хойш эмэнд тэсвэртэй халдварын талаарх судалгааг хийж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нэг сая гаруй хүн ийм халдварын улмаас нас барсан байна. Үүнээс гадна энэ хугацаанд эмч нар 1950-иад оны үед гарган авсан "колистин" хэмээх антибиотикийг эсэргүүцэх чадвартай нян байдгийг илрүүлсэн нь дэлхий дахин “антибиотикийн дараах эрин үе”-д шилжин орох гэж буйг харууллаа.
 
Нөхцөл байдал 2050 онд гэхэд улам бүр дордсоноор эмэнд тэсвэртэй халдварт өвчний улмаас жил бүр 10 сая хүн нас барах болно гэж судалгаанд дурдсан байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг