sonin.mn
 
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Ibtimes/. Ирэх наймдугаар сард болох “Рио-2016” Олимпын наадам ойртож байгаатай холбоотойгоор “Лалын улс” бүлэглэлийнхний Парист үйлдсэнтэй төстэй террорист халдлага Бразилд  гарах магадлал өсч байна гэж тус улсын тагнуулын албаныхан үзэж байгаа ажээ.
 
 
“Лалын улс” бүлэглэлийн босогчид халдлага үйлдэж болзошгүй тул үүнийг таслан зогсоох бэлтгэлтэй байхыг шинжээчид 1966 оноос хойш элдэв халдлага мөргөлдөөнд өртөөгүй байгаа Бразил улсад анхааруулсан байна.
 
Нэг сар үргэлжлэх Олимпын наадмын үеэр 206 орны 10 500 орчим тамирчид, 500 мянга гаруй жуулчид Бразилд хуран цуглах бөгөөд үүнийг Ойрхи Дорнодод “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа орнуудыг чиглэсэн халдлага үйлдэхэд тохиромжтой цаг үе гэж террористууд үзэж байж болзошгүй юм.
 
Өмнөд Америкт анх удаагаа зохион байгуулагдах Зуны Олимпын 31 дүгээр наадмын үеэр аюулаас хамгаалах хүчний 85 мянга орчим албан хаагч хамгаалалтанд гарна. Энэ нь 2012 оны Лондоны Олимпын хамгаалалттай харьцуулахад хоёр дахин их хүч юм.
 
Бразил улс Чили, Перу хоёроос бусад Өмнөд Америкийн бүх оронтой хиллэдэг ба Амазон мөрөн, Пантаналын намгархаг бүс нутгийн дагуух хар тамхины наймааны маршрут тус улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг ажээ. Иймээс террористууд энэ нууц зам харгуйг ашиглан Бразилд  нэвтэрч магадгүй юм.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг