sonin.mn
 
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Сөүл хотноо уулзаж, хоёр орны хооронд хийгдэж буй нислэгийн тоог нэмэгдүүлж, дэд бүтцийн салбарын болон эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
 
 
Төрийн тэргүүн нар эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай гурван санамж бичиг, спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай нэг санамж бичигт гарын үсэг зуржээ.
 
Эдгээр санамж бичгийн нэгэнд "хоёр орны хооронд хийгдэж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх арга замыг идэвхтэй хэлэлцэхэд чиглэсэн хүчин чармайлт гаргана" гэж дурдсан байна.
 
Сүүлийн үед хоёр улс хооронд нисэх зорчигчдын тоо өсөн нэмэгдэж байгаа хэдий ч БНСУ-ын Инчон боомт хот болон Монголын нийслэл Улаанбаатар хотын хооронд долоо хоногт 12 удаа нислэг үйлдэж байна.
Өнгөрсөн онд хоёр хотын хооронд 190 мянга орчим зорчигч нисчээ.
 
Агаарын тээврийн өрсөлдөх чадварт нь сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн Монголын талын эсэргүүцэл болгоомжлолоос үүдэн 2013 оноос хойш хоёр орны хооронд үйлдэх нислэгийн тоо нэмэгдээгүй байна.
 
Өөр нэгэн санамж бичигт дурдсанаар, хоёр тал Монголын хот байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. "Энэ санамж бичиг нь манай “Ухаалаг хот” загварыг Төв Азийн Монголд нэвтрүүлэхэд тус дөхөм болно" гэж БНСУ-ын албаны хүмүүс тайлбарлалаа.
 
Үүнээс гадна талууд Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнд тавих хорио цээрийн хяналтын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцон, санамж бичиг байгуулжээ. Эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүний хууль бус импортыг Өмнөд Солонгос хязгаарлахаар арга хэмжээ авч байгаа билээ.
БНСУ-ын зүгээс Монголын хөгжлийн төслүүдэд үзүүлж байгаа дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд хоёр тал эрчим хүч, боловсрол, хот байгуулалт, байгаль орчин болон төрийн захиргааны шинэчлэл зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санамж бичиг байгуулжээ.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг