sonin.mn
Монгол Улсын Тэргүүний замчин, “Насны зам” компанийн ерөнхий захирал, Дорнод аймаг дахь МАХН-ын хорооны дарга Жумдааны Энхжаргалыг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.
 
-Монголчууд “Насны зам” компани болоод таныг улс орныг хөгжилд түүчээлсэн “Мянганы зам”-ын анхны таван километр замыг үнэ төлбөргүй барьж эдийн засаг хүндхэн үед эх оронч хувь нэмэр оруулснаар сайн мэддэг. Компани байгуулсан түүх, энэ хуга­цаанд хийж бүтээсэн зүйл, одоо хийж байгаа ажлын чинь талаар сонирхъё?
 
-“Насны зам” компани 2001 онд байгуулагдсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг тийм сайн биш байсан ч “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтын ажил улс орныг нойрноос сэрээсэн хөгжлийн том хөтөлбөр болсон.
 
Мөн тэр үед Монголын авто замын салбарт хувийн хэвшил анх үүссэн. Анхны хувийн компани нь манайх.  Үйл ажиллагааны гараагаа “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтаар эхэлснээрээ бид  бахархдаг. Тэр үед “Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэгийн баруун бүсийн зам Лүн-Баяннуур-Дашинчилэнгийн чиглэлд зураг төсөл нь гарч батлагдсан байсан. Энэ ажилд манай компани тухайн үеийн ханшаар 750 мянган ам.долларыг Засгийн газарт хандивлаж, эхний таван километр замыг үнэ төлбөргүй барьж хүлээлгэж өгсөн юм.
 
Түүнээс хойш зүүн чиглэлд Багануурын гүүрнээс Дуутын даваа хүртэл 100 километр замыг нэг жилийн дотор барилаа. Өндөрхааны  төмөр бетон гүүрээс цааш зүүн аймгуудын чиглэлд 50 км зам, цааш Дорнод аймаг руу зам тавьсан. Энэ хооронд баруун чиглэлд Булган аймгийн төвөөс Уньт бригад хүртэлх зам, мөн Өмнөговь аймагт нүүрсний замын ажлыг гүйцэтгэсэн. Бодоод үзэхэд, өнгөрсөн 15 жилийн дотор нийтдээ 1000 орчим км замын ажлыг гүйцэтгэсэн байна. Сүүлийн жилүүдийн томоохон бүтээн байгуулалт гэвэл,  2017 онд ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын газар шорооны ажлыг гүйцэтгэлээ.   
 
-Энэ хооронд таныг улс төрд бас хүч үзэж 2012 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймагт бие даан нэр дэвшсэнийг санаж байна. Одоо Дорнод аймагтаа намын даргаар ажиллаж байгаа гэв үү?
 
-Би Дорнод аймгийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байгаа. Үндсэндээ Дорнодын хүн болчихоод байна даа. Хотод ирээд хэдхэн хонож байна. Удахгүй буцна. Энэ хавар хөдөө орон нутагт салхи шуурга ихтэй, гал түймэр цөөнгүй удаа гарч байдал хүндхэн байлаа. Одооноос л өвс ногоо цухуйж, хүн малын зоо тэнийх нь дээ. 2012 оны УИХ-ын сонгуулиар Дорнод аймагт нэр дэвшсэн. Сонгуулийн дүн санаснаар болоогүй.
 
Сонгуульд оролцсоноор сайн, муу талын аль алиныг үзэж, иргэд, сонгогчдын тодорхой хувиас дэмжлэг авч, цаашид хамтарч ажиллах олон сайхан боломж, гарцууд нээгддэг юм байна. Нөгөө талаар, бие дааж нэр дэвшиж байгаа нь ч эрхэлж байгаа ажлын хүрээнд шахалт, хавчилтад орох, ажил хийх боломжгүй болох зэрэг хүндрэл, бэрхшээл тулгарсан. Өнгөрсөн дөрвөн жилд ийм зүйлүүдийг амслаа, давж гарлаа. Манай компанийн үйл ажиллагааг бизнес гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл, засгаас ажил авч, гүйцэтгээд эргүүлж хүлээлгэж өгдөг. Засгаас ажил авна гэдэг хамгийн хүнд асуудал. Тендерээр ажлыг авч, гүйцэтгэдэг байсан.
 
Сүүлийн үед тендер маань тендерийн журмаар явагдахаа больсон. Шаардлага хангасан компани шалгардаг бус, үзэмжээр, өөр бусад байдлаар тендер явагддаг болсон. Ийм байдлаас болж 2001 оноос хойш автозамын салбарт сайхан хамт олныг бий болгож, 1000 гаруй км замыг барьсан дадлага туршлага, инженер техникийн ажилтнууд, замын мэргэжилтнүүд, хүн хүчийг бий болгосон мэргэжлийн компани улс орны дэд бүтцийн ажилд оролцох боломжоор хомсдож байна. Өнөөдөр эрх баригчид амласан байгаа, Хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан аймгийг автозамаар холбоно гэж. Гэтэл Дорнод аймаг хараахан холбогдоогүй.
 
Өвөл нийт автомашиныг замаар явуулсан ч, 60-70 км замын хатуу хучилт хийгдээгүй. 143 км зам барихад шаардагдах  24 тэрбум төгрөг улсын төсөвт өнөө хүртэл суугдаагүй. Өнгөрсөн жил ч гэсэн энэ мөнгө төсөвт тусгагдаагүй. Хөрөнгө  мөнгийг  нь цаг тухайд нь төсөвт тусгуулаад өгчихсөн бол аль эрт ашиглалтад орчих байлаа. Өнгөрсөн сарын 17-нд Шийдлийн Засгийн газраас нийт замчдын дунд  “2016 ажил” гэсэн томоохон нээлт хийсэн. Нээлтээ бид сайхан хийсэн, гэвч ажил өнөөдрийг хүртэл зогсонги байна.
 
Хөрөнгө мөнгөтэй холбоотой байдал иймэрхүү. Би түрүүнд хэлсэн, 24 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдаагүй гэж. Иймээс энэ замын ажил үндсэндээ царцсан гэж болно. Гэвч, Монголын ард түмэн хөрөнгө нь улсын төсөвт байхгүй ч өөрсдийн нөөц бололцоогоор замаа тавьж, замтай болъё гэж зүтгэсэн. Өнгөрсөн жил бид бүхий л нөөцөө шавхсан, замаа явуулсан. Гэтэл тэр ажлынхаа хөлсийг өнөө хүртэл авч чадаагүй байгаа. Одоо цааш үргэлжлүүлье гэсэн ч үнэхээр бололцоогүй болчихоод байна.
 
-Зам дагаж хөгжил гэдэг. Тэгэхээр зүүн бүсийн томоохон төв Дорнод аймагт хөгжил, хөгжлийн ирээдүй  ямархуу байна даа?
 
-Дорнод аймаг хөгжил, дэвшилд ойрхон нутаг. Жишээ нь, Дорнод БНХАУ-тай гурван боомтоор, ОХУ-тай хоёр боомтоор холбогддог. Өөрөөр хэлбэл, хойд, урд хоёр хөрштэйгээ шууд холбогдож, худалдаа, бизнесийн харилцааг хөгжүүлж байна.
 
Өнөөдөр ард иргэд боомтоор зорчиж байгаа ч дэд бүтэц байхгүйгээс хүндрэлтэй, дээрээс нь хоног хугацаа алдах, машин тэрэгний эвдрэл гэмтэл гээд олон бэрхшээл бий. Дэд бүтцийг шийдвэл олон асуудал дагаад шийдэгдэнэ. Миний хувьд  2003 оноос Багануурын гүүрнээс эхлэн зүүн чиглэлд зам барьсан. Тухайн үед Багануур-Өндөрхаан-Чойбалсан-Сүмбэр гэсэн чиглэлд зураг төсөл гарч, өнөөдөр Чойбалсан хүртэл 60 км зам дутуу байгаа ч Сүмбэр хүртэлх замын зураг төслийн ажил хийгдсэн байдаг. Эдийн засгийн хүндрэл, төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс ажил сайн явж чадахгүй байна.
 
Ер нь ганц манай салбар ч бус, ганц Дорнод аймаг гэлтгүй өнөөдөр Монгол орны 1.5 сая  км хавтгай дөрвөлжин газар нутагт, тэр дотроо хөдөө орон нутагт малчдын амьдрал маш хүнд болжээ. Малын түүхий эд үнэгүйдэж, өр зээлгүй хүн алга. Хүмүүс ямар нэг байдлаар өр зээлтэй, маш хүнд өвөл, хаврыг давлаа. Урин дулаан цаг ирж байгаад сэтгэл нь жаахан уярч байгаагаас биш амьдралын хувьд ард түмэн маань  маш хүнд байна.  
 
-Тантай улс төрийн нам, тэр дотроо МАХН-ыг сонгох болсон талаар ярилцмаар байна. Яагаад энэ намын гишүүн болов?
 
-Би УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж үзсэн хүн. Нам сонгох болсон маань бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт юм хийе гэж зориглосон хэрэг. Ганцаараа зүтгээд бүтдэг зүйл алга. Тийм бололцоогүй гэдгийг ч ойлгосон. Ингээд Цагаан сарын өмнөхөн МАХН-д гишүүнээр элссэн. Намд элсэхийн өмнө намуудын мөрийн хөтөлбөр, бодлогын төвшинд ярьж хэлж байгаа зүйлүүдийг анхаарч, ажиглахын зэрэгцээ нэлээд судалсан. Нөгөөтэйгүүр, би бизнес хийдэг бус, бүтээн байгуулалтад оролцож, ажиллаж ирсэн хүн.
 
Энэ утгаараа Монголд өнөөдөр хөгжлийн дорвитой бодлого дутагдаж байна гэж үздэг. Тэгтэл МАХН-ын “Хөгжлийн хувьсгал-сонгуулийн хувьсгал” гэсэн мөрийн хөтөлбөр бүтээн байгуулагч хүний сэтгэл зүрхэнд олон зүйлийг бодогдуулсан. Хэрэгжих боломжтой, биелэх бололцоотой асуудлууд тэнд байна. Би түрүүнд хэлсэн, “Мянганы зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орны эдийн засаг маш хүнд байсан гэж. Нийгмийн шилжилт хийгдэж, улс орон эдийн засаг дээрээ бат бөх зогсч чадаагүй, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй тийм үед бид зориглоод “Мянганы зам” гэдэг том хөтөлбөрийг эхлүүлсэн. Тэгвэл Монголд ардчилал ялсан 20 гаруй жилийн түүхэнд ийм том хөгжлийн хөтөлбөрийг би хувьдаа олж хараагүй.
 
Харин МАХН-ын мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн хувьсгал хийж 10:60:30 буюу 10 жилийн дотор 60 тэрбумын хөрөнгө оруулалт  босгож, улс орноо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жагсаалтын эхний 30-д оруулна гэж тооцоолж зорьсон байна. Монголчууд өөдрөг үзэлтэй, том зорилготой байж, түүнийхээ төлөө тэмцэж, хувьсгал хийж, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт хийж байж л хөгжлийн өндөрлөгт хүрэх бололцоо бий. Өнөөдөр бидэнтэй адил ардчилал хийж, унаж босч ирсэн улс орнууд хөгжлийнхөө өндөрлөгт хүрч аль хэдийнэ хөл дээрээ зогсч чадсан байдаг. Тухайн үетэй харьцуулахад бид өнөөдөр байшин барилгаа нэмж, машин унааныхаа тоог нэмэгдүүлсэн байж болно.
 
Гэхдээ өнөөгийнх шиг өрийн дарамтад ордоггүй байсан. Хүн толгойтой бүхэн өрийн дарамтад орчихсон, цаашаа амьдрах хүсэл тэмүүлэл нь бүрхэг болсон байна. Ийм цаг үед МАХН-ын хөгжлийн бодлого миний анхаарлыг татсан. Анхаарал татаад зогсохгүй авч уншиж, судалж үзээд санаа зорилго нийлсэн ийм хүмүүстэй хамтарч ажиллая гэсэн хүсэл эрмэлзлэлээр энэ намыг сонгосон.
 
-МАХН  хөгжлийн бодлогодоо  “Мянганы төмөр зам” барина гэж  дэвшүүлсэн. Гэтэл манайхан төмөр зам барих битгий хэл төмөр зам гэж ярихаараа хэрэлддэг болоод удаж байгаа шүү дээ. Энэ хэрэгжих бололцоотой юу? 
 
-Монголчууд  Өмнөговь аймагт  256 км төмөр замын асуудлыг бүхэл бүтэн найман жил ярьсан. Манайд хийдэг биш хэлдэг, хэрэгжүүлдэг биш шүүмжилдэг улс олширчээ. Бид ажил хийсэн нь алдагдалд ордог, хохирдог, өрөнд ордог ийм сонин нийгэмд амьдарч байна. Монголчууд ажил хийвэл ам тостоно гэдэг биз дээ. Өнөөдөр хувийн хэвшлийнхээ бүх компанийг элгээр нь хэвтүүлчихсэн, эдийн засгаа доройтуулчихсан.
 
Нэг ёсондоо монголчууд сөхөрчихөөд байна шүү дээ. Эдийн засгийн энэ сөхрөлтийг бид яаж давах вэ гэвэл, сонгуулийн хувьсгал, хөгжлийн хувьсгал хийх л гарц байна. Тэгж байж өөрчилнө. Би зам барьдаг, бүтээн байгуулдаг хүний хувьд “Мянганы төмөр зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж хэлж чадна. Бид томоохон зорилт тавьж ажиллавал түүндээ хүрэх бололцоотой. Хурдны төмөр замын асуудал одоогоос арван хэдэн жилийн өмнө үлгэр шиг л байсан.
 
Гэтэл манай урд хөрш гайхамшигтай бүтээн байгуулалтыг хийсэн. Өнөөдөр Орос дэлхийн хөгжилд хүргэхийн тулд өргөн төмөр замаа Москва-Санктпетербургийн чиглэлд нарийн төмөр зам тавьсан байна. Бид төмөр замын бүтээн байгуулалтад ач холбогдол өгч, даруй эхлүүлэхэд болохгүй, бүтэхгүй юм байхгүй. Харин зөвхөн өөрсдийн оюун ухаан, ажил хийе гэсэн хүсэл эрмэлзлэл, хөрөнгө мөнгө яаж босгох арга ухааныг л зөв олох юм бол бүтээн байгуулалт бидний хажууд  байгаа асуудал.
 
-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ. Зам, барилгын салбар таны хобби юу, хүсч мөрөөдсөн мэргэжлийн  ажил уу?
 
-Би автын инженер мэргэжилтэй. 1983-1984 онд Ардын армид байлдагч, 1984-1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Авто механик инженерийн ангийг төгссөн. Дараа нь Ардын армийн 0111 дүгээр  ангид тодорхой хугацаанд ажилласан. 1990 онд улс орон зах зээлийн нийгэмд шилжих үед тэр үеийн хүмүүсийн  нэгэн адил янз бүрийн ажил хийж явсан.
 
2000 оноос Монголын авто замын салбартай холбогдож, өнөөг хүртэл ажиллаж явна. Өнөөдрийн зам барилгын ажлыг автомашингүйгээр, шинэ техник, технологигүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр утгаараа замын салбар руу орох түлхэц болж өгсөн болов уу. Анх замын салбарыг их сонирхдог байсан. Таны асуусанчлан өнөөдрийн хувьд бүтээн байгуулалт гэдэг зүйл миний хобби болсон. Намайг анзаарав уу, өмнөх жилийнхээ ажлын хөлсийг аваагүй байж дахиад ажил хийгээд, өр ширтэй хэрнээ энэ том ажлыг яаж хийх вэ, яаж босгох вэ гээд явж байна шүү дээ.
 
Хэдийгээр хямрал байгаа ч түүнийг нөгөө талаас нь харвал зөв гарц, боломж байдаг. Хямралын энэ үед бид үнэхээр өмнө нь юмыг  хэмнэж байгаагүйгээр хэмнэх, нарийн тооцоотой болох, илүү ажил хийхгүй яг батлагдсан зураг төслийн дагуу алдагдалгүй ажиллахыг эрмэлздэг болсон. Нэг талаар, ажилд хандах хандлага маань өөр болсон доо. 
 
-Та замыг хөгжил гэж үзэж байгаа ч хөдөөгийн замд мөнгөө булж, царцааж яах юм гэж шүүмжлэх хүн ч байдаг. Бас энэ нь замын чанартай ч бас холбоотой байдаг байх. Энэ талаар?
 
-Аливаа юмыг шүүмжлэх амархан. Шүүмжлэл хэлдэг хүн гэвэл, юм хийдэггүй хүн л хамгийн их шүүмжилдэг. Хийдэггүй учраас алдаа гаргадаггүй. Замыг хүний биеэр яривал артерын судас нь байгаа юм. Өнөөдөр зам баригдсанаар эдийн засгийн хурд нэмэгддэг. Ачаа эргэлт, мөнгөний урсгал хурдасна. Гэхдээ хүмүүс энэ талаас нь огт ярьдаггүй. Дандаа буруу талаас нь хардаг. Ямар их хөрөнгө зарчихав, хэзээ яаж нөхөх юм бэ гэдэг.
 
Үнэн хэрэгтээ замын ашиг тусыг жинхэнэ утгаараа хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэд, малчид, хувиараа бизнес эрхэлж байгаа бүх хүн хүртэж байдаг. Улаанбаатарчууд тэр бүр хөдөө, орон нутаг руу явахгүй. Зун амралтаараа явдаг байх. Тэр хүрээндээ улс орны замын хөгжлийг харж болохгүй. Энэ 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутгийн хаана нь ч зам, бүтээн байгуулалтын ажлыг хүргэх ёстой. Тэгж байж л бид хөгжинө. Гэхдээ замыг хэн дуртай нь барьчихдаг юм биш. Энд бэлтгэгдсэн, зүрх сэтгэлээ энэ салбарт өгсөн хүмүүс ажилладаг. Замчид гэдэг үнэхээр өнөө цагийн баатрууд шүү дээ. Замын ажлын гол шалгуур бол чанар. Чанар гэж юу вэ гэвэл, үнэ дагалдаж байж чанарын асуудал яригдах ёстой. Өнөөдрийн байдлаар Монголд олон улсын ангиллаар бол гуравдугаар зэргийн зам баригдаж байна.
 
Урд, хойд хөршүүд маань нэг км замыг 800 мянга орчим ам.доллараар барьж байхад манайд 500 мянган ам.доллар байсан нь валютын ханшны нөлөөгөөр 170-180 мянган ам.доллар болж байна. Энэ тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа биз. 800 мянган ам.доллараар худалдаж авсан материал ямар чанартай байх вэ, 180-200 мянган ам.доллараар авсан юм ямар байх вэ. Энэ утгаараа өөр. Дээр нь Монголын байгаль орчны онцлог гэж бий. Нөгөө талаас хөрөнгө мөнгөн дээр сэтгэл нэмэгдэх ёстой. Хөрөнгө, сэтгэл, ажлын туршлага нийлж байж зам чанартай болдог. Манай компанийн барьсан 1000 орчим км зам Монголдоо харьцангуй чанарын шаардлага хангасан сайн зам болсон.
 
Тэнд ажилсаг хамт олны минь зүрх сэтгэл шингэсэн учраас чанартай зам болсон. Бид цаашид ч гэсэн сурсан мэдсэн, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлаж чанартай зам барина. Ажил хийж үзээгүй, шүүмжлэх дуртай хүмүүс бидний барьсан замыг чанаргүй болсон мэтээр ярьдаг. Гэхдээ өнөөдөр салбарын хүрээнд авч үзвэл, хаана хэн ямар зам барьсныг Монголын авто замчид мэдэж байгаа. Монголын ард түмэн ч гэсэн мэдээлэл сайн авдаг болсон, мэддэг болсон шүү дээ.
 
-Ярилцлагын төгсгөлд, Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлвийн тухайд бодлоо хуваалцахгүй юу?
 
-МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох гэж байгаа Хөгжлийн хөтөлбөр өнгөрсөн 26 жилд байгаагүй шинэ зүйл юм. “Мянганы төмөр зам” барих, хот болгон нь 150-250 мянган хүн амтай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг хөгжүүлсэн “Жаргалын найман хот” байгуулах, тэр дотроо орон сууцны 0 хувийн түрээстэй, эмнэлэг, сургууль нь үнэ төлбөргүй, нийтдээ чинээлэг дундаж давхрагыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Зүүний социал демократ үзэлд тулгуурласан бүтээн байгуулалтын энэ том хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал бид 10 жилийн дотор 60 тэрбумыг босгож, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эхний 30-д багтаж чадна. Монголын залуус Солонгост очиж ажилладагаа болино.
 
Дорнод аймгийн хувьд ч гэсэн “Жаргалын найман” хот хөтөлбөрийн зүүн бүсийн төвд орж байгаа. Чойбалсан хот үйлдвэрлэлийн хот болох бүрэн бололцоотой. Социализмын үеэс үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлийн томоохон үйлдвэрүүдтэй байсан. Миний бодлоор бол, Тамсагаас гарч байгаа газрын тосоо Дорнод аймагтаа боловсруулах ёстой. Дорнод аймгаас гарсан бүтээгдэхүүнийг яагаад заавал өөр газар боловсруулах гээд байдаг юм бэ. Яагаад Тамсагийн нефтийг урагшаа БНХАУ руу 200-300 км газар машинаар зөөж, цаашаа 1000 гаруй км хоолойгоор дамжуулж, тэнд үйлдвэрт боловруулж эргүүлж оруулж ирэхээр ашигтай гээд, орон нутагт нь үйлдвэр байгуулж боловсруулъя гэхээр ашиггүй гээд байна вэ.
 
Энэ чинь хөгжил дэвшилд саад болж байгаа хүмүүсийн л үг. Хөгжихийг хүсдэггүй хүмүүсийн тайлбар. Ард түмнийг ерөнхийд нь дундаж байдлаар бариад байх гэсэн сонирхлын илрэл. Хувьсгал ялсны дараах 20-оод жилийн дараа зайлшгүй өөрчлөх ёстой байдаг. Бид өнөөдөр ардчиллыг зөв голдирлоор явуулж чадаагүйнхээ горыг амсч байна. “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай” гэж нэртэй улстөрчид хэлсэн байдаг нь яах аргагүй үнэн. Бид ардчилалд дуртай, хайртай ч болохгүй, бүтэхгүй байгаа зүйлд нь засвар хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Тэр цаг үе нь ч ирчихээд байна. Өнөөдөр бүх нам улс орноо хөгжүүлье гэсэн сайхан хөтөлбөр дэвшүүлж байгаа гэдэгт би итгэж байгаа.
 
Гэхдээ МАХН-ын Хөгжлийн хөтөлбөр бол үнэхээр биелж болох бодитой хөтөлбөр. Монголын ард түмэн, сонгогчид 2016 оны УИХ-ын сонгуулиар зөв сонголт хийж, сонгуулийн хувьсгал, хөгжлийн хувьсгалыг зэрэг хийх шаардлагатай. Энэ бол бидэнд эргэж олдохгүй цаг хугацаа. 26 жил гэдгийг  хүний амьдралаар яривал, түүнийг 20 жилээр авч үзэхэд гурван 20 жил байдаг. Тэгвэл хөгжлийн хувьсгалыг 10 жилийн дотор хийнэ гэж байгаа. Өнөөдөр дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай байгаа ч түүнээс гарна. Монгол ч адил. Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жил би авна, чи авна, өгөхгүй гэдэг дээр маргалдсаар ирлээ.
 
Ард түмэндээ өгөх бол өгч, хөгжил дэвшилд оруулах бол оруулж, зөв гарцыг олоод явах ёстой. Бид зөв гарцыг олохгүй, дандаа хэцүү гарцыг сонгоод байгаа. Бид хэрэлдэж бужигнаад байвал гарц олдохгүй. Эвлэж, нэгдээд явбал олон гарц бий. Хөгжил дэвшилд ойрхон гарцууд ч олон байна. Үүний төлөө сонгуульдаа ухаалгаар оролцож, иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй. Зөвхөн зөв сонголт  л бидэнд  хөгжил дэвшил авчирна.
 
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин