sonin.mn
 
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийт 9.9 сая төгрөгийн шагналын сан бүхий “Хүүхдэд ээлтэй зуслан” болзолт уралдааныг зохион байгуулах боллоо.
 
 
Хуралдаанаар Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Ногоон бүсийн хүүхдийн зуслангийн бэлтгэл ажлыг хангах тухай” асуудлыг танилцуулав. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16, огт үйл ажиллагаа явуулахгүй байгаа 13 зуслан байна.
 
Амрагч хүүхдийн тоо сүүлийн 3 жилээр гаргавал 2013 онд 18 мянга 793, 2014 онд 17 мянга 404, 2015 онд 17 мянга 831 хүүхэд амарчээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг байна. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу хүүхдийн зуслан эхлүүлэхэд болон үйл ажиллагааны явцад 2 удаа шалгалт хийдэг байна.
 
Энэ жил  зөвхөн шалгалт хийх бус зуслангийн үйл ажиллагааг дэмжих, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй зуслан” болзолт уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Уралдааныг зохион байгуулж, шагнал урамшуулал олгоход 9,9 сая төгрөг шаардлагатай бөгөөд хуралдаанаар уг мөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ. Мөн хуралдаанаар хүүхдийн зуслангуудад тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болголоо.
 
Ч.Ариунболд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг