sonin.mn
Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалангийн холбоо”-ноос ОХУ-аас импортолсон үрийн буудай чанаргүй, үр хөврөл харлах өвчтэй байгаа тухай өчигдөр мэдээллээ.
 
ӨӨР, ӨӨР ДҮГНЭЛТ
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур орж ирсэн импортын буудайнд мэргэжлийн хяналтын хоёр байцаагч өөр, өөр дүгнэлт гаргасан тухай “Газар тариалан холбоо”-ны тэргүүн Б.Эрдэнэбат хэлэв.
 
Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нарын дүгнэлтэд “Алтайская Жница” сортын үрийн буудай нь чанаргүй, манай улсад нутагшаагүй, хог ургамлын хэмжээ заасан стандартаас хэтэрсэн байгааг тогтоожээ. Харин Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын ахлах байцаагч П.Болормаа хоёрдугаар зэргийн үрийн будаа, хог шороог нь цэвэрлээд тариалж болно гэсэн байна. Үүнээс маргаан эхэлсэн хэрэг.
 
“Газар тариалан холбоо”-ноос тариаланчдаа төлөөлөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон хуулийн бусад байгууллагуудад хандахад үл ойшоож, ажлыг нь гацааж байгааг тус холбооны тэргүүн Б.Эрдэнбат онцолсон юм. Тэрээр хаврын тариалалт хийх хугацаа тулсан энэ үед чанаргүй үрийн буудайг ийнхүү шахах гэж байгаа нь нэг талаас тариалан эрхлэгчдийг хохироох, цаашлаад үндэс­ний аюулгүй бай­далд ч муугаар нөлөөлж болзошгүй хэмээ­лээ. Түүнчлэн үүнийг мэргэжлийн байгууллагынхан үнэн зөвөөр шийдэхгүй бол тариаланчид өөрсдийн хэмжээнд арга хэмжээ авна гэж байлаа.
 
ИМПОРТЫН ҮРИЙН БУУДАЙГААР ТАРИАЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ
 
Уг нь ХХААЯ-наас 8000 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж ирэх эрхийг “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгжид олгожээ. Хэдийгээр 20 мянган тоннын квот өгсөн боловч гарах эрсдлийг нь үүрч чадахгүйгээ илэрхийлсэн зарим аж ахуйн нэгж хийсэн гэрээгээ цуцалсан байна. Ингээд гэрээний хүрээнд 6000 тонн буудайг хоёр компани оруулж ирэх болсон аж. Үүнээс “Нямбайгаль Даваа” компани 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд вагоноор ОХУ-аас оруулж ирэн Хөтөл дэх ТЭДС-гийн салбарт буулгажээ.
 
Хуулиараа Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар өөрийн харьяаллын дагуу Хөтөл дэх ТЭДС-ийн агуулахаас гэрчийн хамтаар импортын буудайнаас дээж авч, шинжлэх ёстой. Гэвч Сэлэнгэ аймгийн МХГ-ын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нар буудай ачсан вагоноос албан тушаалаа урвуулан ашиглаж, зөвшөөрөлгүй дээж авч, чанаргүй гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль бус хэмээн МХЕГ-ын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан хэлэв.
 
Мөн тус компанийн оруулж ирсэн үрийн буудайн чанарт эргэлзсэн зарим иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар тус газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 3-ны өдөр мэргэжлийн хяналтын байцаагч, ТЭДС, “Нямбайгаль Даваа” компанийн төлөөллүүдийг байлцуулж импортын буудайг дахин таван удаа шинжилсэн бөгөөд тариалж болно гэсэн дүгнэлт гаргасан байна.
 
ҮРИЙН БУУДАЙН ХЭРЭГЦЭЭНИЙ 10 ХУВИЙГ ИМПОРТООР ХАНГАНА
 
Энэ жил тариалалтад 20 мянган тонн үрийн буудай дутна гэсэн тоо­цоог үндэслэн тө­сөвт санхүүжилтийг тусгуу­лах саналыг оруулсан ч эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор суулгуулж чадаагүй. Тиймээс төр худалдан авалт хийх боломжгүйн улмаас хувийн хэвшилд импортын зөвшөөрөл олгохоор болсон байна. Ингээд аж ахуйн нэгж өөрийн зардлаар буудай оруулж ирсэн ажээ. Одоогоор “Нямбайгаль Даваа” компанийн оруулж ирэх 4000 тонн буудайн борлуулалтын орлого 3.2 тэрбум төгрөг болно.
 
Гэтэл дөрвөн тэрбумын ашиг оллоо гэдэг ташаа мэдээлэл гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Улсын хэмжээнд 48 мянган тонн үрийн буудай тариалалтад шаардлагатай аж. Импор­тоор оруулж ирсэн үрийн буудай тариалалтын хэрэгцээний 12.5 хувийг хангах учиртай юм байна. Нөгөө талаас хойд хөрш тэжээлийн болон товарын буудайг үрийнх гэж гаргахгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байлаа. Салбарын яам Хаврын тариалалтын хугацааг тулган хоёр дахин өндөр үнээр шахаж байна гэж үзвэл зах зээлийн зарчмаар ажиллахыг хэн ч хориглоогүй гэлээ.
 
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин