sonin.mn
 
КАИР. /VOA/. Египетийн иргэний агаарын тээврийн “EgyptAir” компанийн “Airbus A320” нисэх онгоц Парисаас Каир чиглэлд нисч байхдаа далайд унаж сүйрсэн байх магадлалтай гэж Газар Дундын тэнгист ажиллаж байгаа аврах багийнхан үзэж байна.
 
 
Грекийн арлын ойролцоогоос уг онгоцны сэгийг олсон гэж мэдээлэл ирсэн боловч энэ нь ташаа мэдээлэл байжээ. “Airbus A320” нисэх онгоцны ямар ч сэг олдоогүй гэж эрх баригчид өчигдөр орой мэдэгджээ.
 
Энэ хэргийн шалтгаан нь техникийн гэмтэл гэхээсээ илүүтэй террорист үйл ажиллагаа байж магадгүй боловч баттай баримт нотолгоо алга байна гэж Египетийн тал мэдэгдсэн байна.
 
Нийт 66 хүн сууж явсан уг онгоц Каирын цагаар өчигдөр өглөөний 02:30 цагийн үед Газар Дундын тэнгисийн дээгүүр 11 мянган метрийн өндөрт нисч байх үедээ холбоо тасарч, радарын дэлгэцэнд үзэгдэхгүй болсон байна.
 
Онгоц алга болсон хэрэгт террорист ажиллагааны  ул мөр илэрвэл Францын тал аюулгүй байдлыг хангаагүйгийн төлөө хариуцлага хүлээх болно гэж Египетийн Иргэний агаарын тээврийн сайд Шериф Фатхи мэдэгджээ. Мөн тэрбээр "хэрвээ энэ хорлон сүйтгэх ажиллагаа байсан нь тогтоогдох юм бол энэ онгоц Египетээс биш Францаас хөөрсөн гэдгийг хэлэх ёстой" гэсэн байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг