sonin.mn
Нэвтрэх бүсийн орлогыг нэмснээр үйл ажиллагааг  сайжруулах боломж бий
 
Тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагаа өнөөдөр манай улсад хэрхэн өрнөж байгааг аялал жуулчлал дөнгөж хөгжиж байгаа хэдхэн бүс нутгаас түвэггүйхэн тольдож болно.
 
Тухайлбал, Хөвсгөл далай, Тэрэлж, Орхоны хөндий, Хангайн нуруудын тусгай хамгаалалтын бүс нутаг юм. Тийшээ нэвтрэхэд дотоодын иргэнээс 300, гадаадын хүнээс 3000 мянган төгрөгийн хураамж авдаг. Эл нэвтрэх бүсийн орлогыг өнгөрсөн жилийн байдлаар харвал 256 сая төгрөг болж байна. Бас ч чамлахааргүй хөрөнгө. Тусгай хамгаалалттай газар нутагт улсаас төсөв олгодог. Жишээлбэл, Говийн бага дархан газар гэж бий. Өмнөговь аймгийн Ханбогд, Номгон, Дорноговь аймгийн Хатанбулаг гээд хоёр аймгийн нутаг дамжсан тусгай хамгаалалтын бүсэд ердөө 16 хүн ажиллаж байна.
 
Гэтэл жилийн төсөв нь 160 сая төгрөг байгаа юм. Үүний 92 хувийг цалинд зарцуулдаг байна. Ингээд байгаль хамгаалагчийн бусад үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө нь нийт төсвийн 10 хувь л үлдэнэ. Эдгээр хоёр аймгийн нутаг хамарсан тусгай хамгаалалтын бүсийг ажилчдын тоонд хуваахад нэг хүнд 50 мянган га талбай ногдож байна. Гэтэл Герман улсын Бавари, Харзи мужийн тусгай хамгаалалттай газар нутаг нь ердөө 22 мянган га талбайтай атлаа 300 хүн ажилладаг. Яагаад ажилчдын цалин, талбайн хэмжээ яриад байна гэж гайхаж байж болох. 
 
Манай улс өргөн уудам газар нутагтай. Түүнээс байгалийн үзэсгэлэн бүрдсэн тусгай хамгаалалттай газар нутаг их бий. Нэг байгаль хамгаалагчид 50 мянган га талбай гэдэг бол бараг долоо хоног туулаад барахгүй. Тийм ч учраас тухайн бүс нутгийн үйл ажиллагааг сайжруулах боломжгүй мэт харагддаг. Нөгөө талаасаа тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагааг сайжруулахын тулд санхүүгийн хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлагатай.
 
Нэвтрэх бүсийн орлогыг улсын төсөвт суулгадаг. Тэгэхээр тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагааг сайжруулахын тулд энэ орлогыг Хамгаалалтын захиргааны эрх мэдэлд шилжүүлбэл жуулчдад зориулаад ядаж нэг сандал аваад байршуулчих боломж бүрдэх болов уу. Цаашлаад нэвтрэх бүсийн мөнгийг нэмэгдүүлэх боломжтой. Дотоодын иргэн гадаадад хэдэн зуун сая төгрөгөөр зугаалж байхад өөрийн улсынхаа үзэмж төгөлдөр газар нутагтай танилцахад яагаад 1000 төгрөг төлж болдоггүй юм.
 
Гадны жуулчдад 5000 төгрөг нэг их чөдөр тушаа болохгүй л болов уу. Ингэж тооцвол нэвтрэх бүсийн орлого 2-5 дахин өсөх боломжтой. Үүгээр менежментээ сайжруулахад зарцуулбал ахиц гарч таарна. Ядаж л нэмээд хэд хэдэн байгаль хамгаалагч ажилд авчихна.
 
Нөгөө талдаа тусгай хамгаалалттай газрын үйл ажиллагаа сайжрахгүй байгаа нь иргэдийн ухамсартай шууд холбоотой. Манай иргэд байгалийн сайхныг шагшин
магтаж, уул усаа биширдэг ч зугаалсан газраа хогоо хаяад оддог.
 
Өвлийн улиралд хөрөнгө чинээтэй, юугаар ч дутамгүй төрийн түшээ, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд галт зэвсэг агсч ховор ан амьтныг үртэй зулзагатай нь хүйс тэмтэрдэг. Модны хулгайчид нь шөнөөр ангуучилж ургаа мод огтолж энэ насандаа дуусашгүй нүгэл үйлдэж байна. Гаднынхан тусгай хамгаалалттай газар нутгийг мөнгөөр цохиж газрын хэвлийг сүйтгэдэг шүү дээ. Энэ байдлыг хуулиар хатуухан шийтгэхгүй бол цаашид улам бүр газар авах нь гарцаагүй.
 
Угийн менежмент тааруухан байхад эдгээр хууль бус үйлдпийг зогсоохгүйгээр тусгай хамгаалалтын бүсийн үйл ажиллагаа сайжрахгүй. Уг нь 2012 оноос хойш Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчилж найруулах ажлыг хийж байгаа гэдэг ч өдгөе баталсан зүйлгүй байна.
 
Магадгүй шинэ хуулиар дээрх зохицуулалтыг тусгавал санхүүгийн зохицуулалт сайжирч, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент сайжрах гарц байж болох юм.
 
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин