sonin.mn
Тэр бол онц сурлагатан. Дийлэнх онц сурлагатны түүх бүр бэлтгэл ангид байхаас эхэлсэн байдаг. Онц сурлагатан бусдаас хурдан сурч, ангийн нөхөд нь үсгээ ч нүдлээгүй байхад дэвтрийг нь хаяглаж багшид туслан дэвтэр засаж эхэлнэ.
 
Тэр бас онц сураад зогсохгүй нийгмийн идэвхитэй, бурхан нэг хүнд ямар ихийг өгдөг юм бэ гэмээр бүгдийг хийж чадна. Дэлхий зөвхөн түүнийг л тойрч эргээд байгаа юм шиг тийм онц сурлагатан таны ойр хавьд байсан бол, эсвэл та өөрөө тийм байсан бол миний юу хэлэх гээд буйг ойлгож байгаа байх. Бяцхан охин Ц.Цогзолмаа тийм хүүхэд байлаа.
 
Гуравдугаар ангидаа ээждээ зориулсан зохион бичлэг бичих даалгаврыг багш нь өгөхөд охин хоёр хоног бодож, ээжээсээ нуун нуун бичжээ. Тэр зохион бичлэг түүний амьдралд асар том өөрчлөлт авчирсан. Сургуульдаа, улсад охины зохион бичлэг түрүүлж улсын Төв хэвлэлд хүртэл нийтлэгджээ. Улсын уралдаанд гуравдугаар байр эзэлснээр тэр Олон улсын хүүхдийн Найрамдал төв нээгдсэн жилийн анхны амрагчдын тоонд багтах болов. Тэр хаврын удааныг яана … Бяцхан охин дороо 5 эрэгтэй дүүтэй айлын том нь байв. Тиймээс хуучин хувцас өмсдөггүй, бүх зүйл нь цоо шинэ. Зуслан явахад бэлдэн хаваржин л хувцас хунарыг нь ээж нь цуглуулсан нь чемодан ачаа болжээ.
 
Ховдын охин хот, олон улсын хүүхдүүдтэй “Найрамдал”-д уулзав. “Улсын уралдааны гуравдугаар байрын шагналт Цогзолмаа манай бүлэгт амарч байна …” Бас л их хүндлэл биз дээ? Охин Найрамдалын юм бүрийг сурч ангийн нөхдөдөө зааж өгөх тэмүүллээр ихэд хичээсэн нь тус зуслангийн нэрэмжит медалийг түүнд авчрав. Бурхан минь, тухайн үеийн хүүхдүүдийн үнэлэмжийн хамгийн дээд хэлбэр, дээд шагнал гээд бод доо!
 
Үүнээс хойш Цогзолмаагүй юм Ховдод үгүй болсоор арван жилдээ тэр далавчтай мэт дүүлсэн он жилүүдийг үджээ. “Найрамдал” руу байсгээд л уригдана, нийгмийн идэвхи өндөртэй тул үндсэн хичээл нь орхигдох үе байх ч тэр онц сурлагатан хэвээрээ л байв. Нэгэнтээ биеийн тамир, математикийн хичээл дээр 4 гэсэн үнэлгээ авахад захирал нь хоёр багшийг дуудан “Энэ 4 гэсэн дүнгээрээ та нар энэ хүүхдийн амьдрал руу бэх цацаж яах гээв? Хараарай, энэ хүүхэд ирээдүйд Монгол улсад хэрэгтэй хүн болно. Наад дүнгээ арилга” гэж зэмлэж байсан гэдэг.
 
Охин сургуулиа төгсөхдөө Комсмолын дээд сургуулийн хуваарь авав. Онц сурлагатны хувьд тийм ч хэцүү зүйл байсангүй. Гэтэл яг явахад хуваарь Эрхүүгийн Түүх судлал, түүхийн багшийн ангиар солигдсон байв. Мэдээж тэр тэмцсэн. “Чи бас хөөрхөн бичдэг, юм юманд авьяастай болохоор чинь чамайг улс ийш нь хуваарилсан юм. Ирэхээр чинь Намын төв хэвлэлд бид авах гэж байгаа” гэж харваас тулхтай дарга хүн хэлэхэд охин хөөрч орхив. Нээрээ ч тийм юм уу гээд л явчихсан гэдэг.
 
Эрхүүд очлоо. Таньж мэдэхгүй, түүнийг ямар од, хэн байсныг огт мэдэхгүй хүмүүс, чихэнд наалдацгүй орос хэл, хичээлд суугаад суугаад юу ч эс ойлгох … Ганцаардав. Бүтэн арван жилийн турш онц сурсан, үргэлж магтуулж ирсэн охин ингээд муу сурлагатан болох гэж үү хэмээн бухимдав. Ээж рүүгээ яриад “ерөөсөө л буцья” гэж бодсон гэдэг.
 
“Миний охин хилийн дээс алхах завшаан хүн бүрт олддоггүй юм. Орос найзтай бол, хэлээ шамдан сур” гэж ээж нь хэлэв. Ер нь олон хөвгүүд өсгөж буй ээж өөрөө бараг эр хүн шиг ноён нуруутай цөөн боловч голыг нь олсон үг хэлдэг юм шиг ээ. Эрчүүд бараг юм ярихгүй ч харцаараа ойлголцоод ажил нь илбийн юм шиг урагшлаад байдаг даа. Харин олон охинтой айл нэг тийм бужигнасан, шаагилдсан яриасаг дуу шуутай ч ажил урагшилдаггүй, аахар шаахар зүйлд хэтэрхий цаг үрдэг мэт. Энэ л орчны ялгаа юм. Цогзолмаа ээжийнхээ нухацтай хэлсэн хэдхэн үгийг өөрөө ч нухацтай бодов.
 
Тэгээд шийдлээ. Орос найзтай болж өдөр бүр дэвтрийг нь хуулж, мэдэхгүй үгээ словарьдан толгой өөд таталгүй хийх тусам улам бүр сонирхолтой санагдах болов. Нэгдүгээр курсээ төгсөхдөө гурван шалгалтынхаа нэгийг нь онц хоёрыг нь сайн өгөв. Эргэн тойрныхон нь түүний зохион байгуулах чадвартай болохыг олж харав. Ингээд Цогзолмаагүй зүйл тэр сургуульд үгүй боллоо.
 
Сайтар зассан дардан замаар охин алхаж явлаа. Анхны үрээ оюутан байхдаа тэврэн хайрт ээжийгээ алдсан мөч зэргэд шугам шиг давхацсан нь гуравдугаар курс төгсөх жил байлаа. Ээж байхгүй дэлхий … Од охин эгэл амьдрал дээр дундаж гэр бүлийн дороо тавын таван эрэгтэй дүүтэй эглээс эгэл айлын хүүхэд билээ. Хилийн чанадад сурч буй оюутнууд олсон мөнгөөрөө өөрийгөө гоёж гоодон хүссэнээрээ эрх чөлөөг мэдэрдэг байхад Цогзолмаа тийм байгаагүй юм. Ар гэр рүүгээ л анхаарч хэнд юу хэрэгтэйг нэг бүрчлэн бүртгэн явуулахыг хичээдэг он цаг түүнд байлаа. Ижийгээ үгүй болоход таван дүү, аавыгаа орхиж явалгүй эндээ төгсчихдөг юм билүү гэж тэр бодсон гэдэг. Давааны цаана даваа … Бид амьдралынхаа туршид хоёр замын өмнө зогсоод чухам аль замаар нь явах вэ гэж тээнэгэлзэх үе олонтаа.
 
Тухайн үеийн Ховдын Багшийн их сургуулийн ректор Жадамбаа Цогзолмаатай нэг байрных. Хүүхдээ салхилуулж суусан охин тэр эрхэмд бодлоо хэлэв. “Үхсэний хойноос нэгдүгээрт үхдэггүй юм. Хэдэн дүү нар чинь эрүүл саруул байвал чи хичээлээ гүйцээгээд л ирнэ. Чи огт ингэж болохгүй, Монгол улсад хэрэгтэй хүүхэд” гэхчлэн түүнийг ятгажээ. Сурагч байхад сонсож байсан өнөөх үг! Монгол улсад хэрэгтэй хүүхэд зорьсноо заавал биелүүлж, эхэлснээ дуусгах ёстой. Ингээд л тэр буцсан, Эрхүүдээ төгссөн.
 
     Ирээд багшиллаа. Үзэл бодол нийлсэнгүй, сургуулийн багш нар хамт олон нь түүний арга барилыг эсэргүүцэв. Ер нь Цогзолмаа нэг алхам хийх болгонд саад тулгарч хэрхэн давахаас цаашдын мөчлөг нь хамаарч байсан гэмээр. Хэдий сургуульдаа адлагдан байсан ч аймгийн захиргааны зүгээс түүнийг багш хийхэд дэндүү хайран хүн гэж харжээ.
 
Тамгын газартаа мэргэжилтнээр очсон Цогзолмаа, Монголын Скаутын түүхэнд Ховдын хүүхдүүдийг оруулав. Хаа холоос ирээд хотынхныг бут цохисоноор түүнийг нийслэлд ч анзаарах болов. Тэр хөдөө байхад дэндүү хайран хүн гэж хотынхон дүгнэв. Ингэж л тэр Улаанбаатарт хөл тавьсан. Скаутын байгууллагад ажиллаж байхдаа “Найрамдал”-д уригдаж тийшээ шилжив. Тэндээсээ Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газарт дэд дарга хүртэл ажиллав.
 
Энэ хооронд хийсэн зүйлс нь дээрх байгууллагуудын өсөлт хөгжил, түүхтэй салшгүй холбоотой. Хүүхдийн байгууллагад өсөх балчраасаа явсаар дарга болсон Цогзолмаа улс төрийн үзэл баримтлалын хувьд МАХН байх үеэс элссэн “улаан” нэгэн байв. Нам түүнийг зөвхөн хүүхдийн төлөө ажиллахад дэндүү хайран хүн гэж үзэв. Засаг дарга боллоо.
 
Албан тушаалын од гэж байдаг. Хүсээд хүсээд дарга болох бүү хэл олигтой ажил ч хийж чаддаггүй нэгэн байхад аяндаа он цаг нь хөтлөөд хаа ч очсон дарга болоод байдаг хүн бий. Сүхбаатар дүүрэг ширхэг ч хоггүй цэмцийн байсан өдрүүдийг одоо ч тэндхийнхэн дурсдаг. Засаг дарга нь өглөө хороодоо шалгаад хогтой байвал хороон даргыг дуудаж орой гэхэд цэмцийлгэх үүрэг өгдөг байсан гэдэг. Зуслангийн хог хүртэл түүнд хамаатай, хамгийн их хамаатай. Ачуулна, цэвэрлэнэ. Багаас сурсан дадал, олон дүүтэй эгчийн хүмүүжил, 4 хүүхэдтэй ээжийн зуршил. Эхний ээлжинд хоггүй байхаас бүх юм эхэлнэ гэсэн үг юм уу даа.
 
Түүний улс төрийн замналыг хүмүүс бэлхнээ мэднэ. НИТХ-д байсан, УИХ-д өрсөлдсөн. Одоо бол НАМЭХ-ны ерөнхийлөгч. Дүүргүүдэд одоо хэвшил болоод буй нэг цэгийн үйлчилгээг тэр анх санаачилсан нь өдгөө ажил хэрэг болж яваа. Цаг, цаас ямар их хэмнэгдээ бол гэж бодогддог юм. Үүнийг анх хэн хийснийг би хувьдаа саяхан л мэдэж авсанаа энд хуваалцахгүй өнгөрмөөргүй санагдлаа.
 
“Анхны” тодотголт бүхэн энэ бүсгүйтэй салшгүй холбоотой. “Ёстой онц” сурлагатан бүх зүйлийг ном журмынх нь дагуу, шат дамжлагаар нь хамгийн доороос нь эхлэн хийдэг юм байна. “Ёстой онц” сурлагатан өөрийн хүчээр бүхнийг бүтээдэг юм байна. Магадгүй “ёстой онц” сурлагатан бусдыг бодвол хэд дахин их хүч хөдөлмөр зардаг ч амжилтанд хүрэх нь удаан байдаг юм байна. “Ёстой онц” сурлагатан төгс гүйцэтгэлтэй аливааг хийхийг зөв гэж боддог ч хэнд гайхуулдаггүй юм байна. “Ёстой онц” сурлагатан байх өөрөө асар их хөдөлмөр тэвчээр юм байна. “Ёстой онц” сурлагатан хэтэрхий олон давуу талтай учраас, өөрөө тэрийгээ дэндүү сайн мэддэг тул цээжээ дэлдээд байдаггүй ажээ.
 
Жинхэнэ хүч хүний дотоодод байдаг мэдрэмж юм болов уу гэсэн бодол түүний талаар бичиж эхлэх үеэс л надад төрсөн. “Би хүчтэй, би мундаг, би л хийсэн” гэж алхам тутамдаа хэлж бусдад таалагдахыг тоогдохыг хичээдэг хүмүүс бидний дунд олоон. Битгий гомдоорой, битгий намайг зэмлээрэй. Дутуу дулимагийн комплекс ихтэй хүмүүс л өөрөөрөө сайрхдаг юм шигээ.
 
Үүнийг бичиж байхад ч Ц.Цогзолмаа дахин шинийг сэдэж амьдралдаа өөр нэг шинэ алхам хийж буй биз. Тэр зогсдоггүй, үргэлж урагшилдаг хүн юм уу даа гэсэн бодол төрсөн. Бусдад ямар харагдах, таалагдах эс таалагдах, алга ташуулах эс ташуулах үнэн хэрэгтээ чухал гэж үү? “Хэн ч хянаж хараагүй байхад ажлаа сайн хийхийг хөдөлмөр гэнэ” гэсэн ишлэл байдаг. Хөдөлмөрч хүнийг бурхан өөрөө олоод шагначихна. Гагцхүү урдахаа л хичээнгүйлэн сайн хийх нь амжилтын түлхүүр гэдгийг энэ бүсгүйн түүх илэрхийлэх ажээ.
 
Онц сурлагатан машингүй алхаж болно, албан тушаалын хувьд өндөрт цойлохгүй байж болно, дунд сурлагатнаас дор явж болно. Тэгвэл онц байхын ашиг тус юу юм гэж надаас асуувал онц сурлагатнууд мэдлэгээ өөрийн юм шиг болгон эзэмшиж юунаас амьдралын ая тухыг авахаа дэндүү сайн мэддэг. Тэд нэг эхэлсэн бол заавал онц дуусгадаг. Тэдний хувьд хамгийн чухал нь тэр өөрөө биш олон нийт, бусад юм байна. Онц сурлагатан бусдын төлөө хийсэн бүтээснээсээ амьдралын аз жаргалыг мэдэрдэг гэж би хариулах болно.
 
Б.Ундрал