sonin.mn
 
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд Самбуугийн Ламбааг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр АН-ын бүлэг дөрвөн цагийн завсарлага авлаа.
 
ЭМС-ын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба өнгөрөгч оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Улмаар тус яамны сайдын үүргийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар хавсран гүйцэтгэж байсан юм.  
 
Өмнө нь уг албан тушаалд МАХН-аас хоёр ч хүн нэр дэвшүүлсэн нь гавьяат эмч Л.Жамбалжав, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэн нар байсан юм. Гэвч хоёуланг нь байнгын хороо болон чуулганаар дэмжээгүй буцаасан. Харин энэ удаад АН-аас энэ албан тушаалд ЭМС-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг нэр дэвшүүлж, энэ сарын 17-нд өргөн мэдүүлсэн юм.
 
С.Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилох саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж буй зорилтуудыг биелүүлэх, танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан үзсэн тухай танилцуулгад дурдаж байв.
 
Гишүүдийн зүгээс УИХ-аар эрүүл мэндийн салбарын тухай суурь хуулиуд баталж буйг дурдаж, эдгээр хуулиудын хэрэгжилтэд хэрхэн анхаарал хандуулан ажиллах болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар нэр дэвшигчээс тодруулж хариулт авлаа. Харин нэр дэвшигч С.Ламбаа “Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг өмнө нь хашиж байсан, одоо ч хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаагийн хувьд хийж хэрэгжүүлсэн, эхлүүлээд явж байгаа олон зүйл бий. Тийм учраас ганцхан сарын хугацаатай сайд болж байна гэж огт бодолгүй, сатааралгүй ажиллана. Сонгуульд ч нэр дэвшихгүй ажлаа хийнэ” гэлээ.
 
Гишүүд богино хугацаа гэлгүй үүсээд буй нөхцөл байдлыг цэгцэлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч, ажилтан албан хаагчдын халаа сэлгээг хийлгүй үр бүтээлтэй ажиллахыг сануулж байв. Мөн Засгийн газар хууль зөрчиж, энэ салбарыг удаан хугацаанд эзэнгүй явуулсныг нэлээд шүүмжиллээ. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүнд “Одоо сонгууль дөхөж байгаа учир гишүүд илт улс төржиж байна. Энэ салбар цалгардаагүй. Мөн Засгийн газар хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ салбарт ажиллаж байсан туршлагатай С.Ламбааг би Төрийн нарийн бичгийн даргаар тавьж ажиллуулж ирсэн.
 
Улаанбурхан өвчний шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Вакцинд 40 гаруй хувь нь хамраад явж байна” гэлээ. Мөн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Гишүүд энэ асуудлаар улс төржиж байгаа учир манай бүлэг 4 цагийн завсарлага авахыг хүсч байна” гэснийг УИХ-ын дарга З.Энхболд зөвшөөрч, сайдын томилгооны асуудлыг үдээс хойш хэлэлцэх болов.
 
Н.Гантуяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг