sonin.mn
 
Монгол залуус дэлхийн шилдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Япон улсад мэргэжил дээшлүүлэх боломжийн талаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэв.
 
 
Энэ сарын 16-17-нд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид Япон улсад ажлын айлчлал хийжээ. Айлчлалын үеэр Г.Баярсайхан сайд Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитай уулзалт хийсэн байна. Уулзалтаар УИХ-ын дарга З.Энхболдын ирэх сарын 01-03-нд Япон улсад хийх албан ёсны айлчлалын үеэр Монгол залуусыг Япон улсад мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын Санамж бичигт гарын үсэг зурахаар тохирчээ. Ингэснээр Монгол залуус Япон улсад мэргэжил дээшлүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ гэлээ.
 
Тэрбээр, “Айлчлалын үеэр Токио хотноо “Монгол Японы хөдөлмөрийн форум” зохион байгуулсан. Монгол, Японы Засгийн газар хоорондын “Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр орон бараа бүтээгдэхүүнээ харилцан хөнгөлөлттэй нөхцлөөр борлуулах болсон. Үүний тулд бид Япон Улсад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд нэн тэргүүнд тухайн улсад залуусыг сургаж, эрэлт хэрэгцээг нь судлах, үйлдвэрлэл эрхлэх туршлагаас нь судлах чухал юм. 
 
Хөдөлмөрийн форумын үеэр Японы аж ахуйн нэгжүүд Монголоос мэргэжлийн ур чадвартай залуусыг олноор авч ажиллуулах сонирхолоо илэрхийлсэн. Мөн Японы мэргэжлийн ур чадвартай залуусыг бэлтгэдэг “JITCO” байгууллагын удирдлагатай уулзаж, Монгол залуусыг тус улсад мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эхний сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан” хэмээв.
Мөн энэ үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэл хийв.
 
-Монгол залуусыг Японд сургахад тодорхой дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Ямар дэмжлэг үзүүлэх вэ?
 
-Өнөөдөр Япон улсын хөдөлмөрийн зах дээл дээр залуучуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх дээр асар том өрсөлдөөн явдаг. Монгол Улсын хөгжлийг цаашид нуруундаа үүрч явах мэргэжлийн ур чадвартай залуусыг Японд албан ёсоор хөдөлмөрийн зах зээлд дадлагажуулахаар тохиролцож байгаа. УИХ-ын даргын  айлчлалын үеэр Санамж бичигт гарын үсэг зурна. Тэндээс бүх зүйл тодорхой болно.
 
-Дадлагжих хүмүүст ямар шалгуур тавих вэ. Япон руу явах залуусын тоог заасан уу?
 
-Мэргэжлийн ур чадвартай залуусыг бид энэ хөтөлбөрт хамруулья гэсэн бодлого баримталж байгаа. Жишээ нь МСҮТ, Политехникийн коллеж, мөн Их дээд сургууль төгссөн залуусыг энэ хөтөлбөрт хамруулах бодолтой байна. Яг тодорхой тоо заагаагүй.
 
-Ур чадвараар дадлагажиж байгаа хүмүүс аль салбарын хүмүүс байх вэ. Монголд ирээд хэрхэн ажиллах вэ?
 
-Япон улсад айлчлахдаа “Тоёото”, “Хюнда” автомашин үйлвэрийн нарийн эд ангийн үйлдвэрээр орсон.Тэнд манай 20 гаруй залуу ажиллаж байна. Тухайн компаниуд Монгол Улсад салбараа нээсэн  байна. Анх тэр үйлдвэрт ажиллаж байсан залуус одоо Монголдоо ирж ажиллаж байгаа юм байна.
 
-Одоогийн байдлаар Япон улсад Монголын хэдэн залуу сурч, ажиллаж байна вэ?
 
-Одоогийн байдлаар Япон улсад Монголын 7000 гаруй иргэн байна. Үүнээс 600 гаруй залуу мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээр ажиллаж байна.
 
Ч.Ариунболд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг