sonin.mn
(Бүтэц эсээ)
 
Эсээ бичлэгийн ийм хэлбэрээр хөрөг бичих оролдлого өмнө нь хийгдэж байсан эсэхийг би мэдэхгүй. Зарим их баялаг амьдарсан, эсвэл амьдарч яваа хүмүүсийн талаар бүтцийн эсээ бичих боломжтой мэт санагддаг байлаа. Баасангийн Наминчимэдийн хорвоо дэндүү олон талтай, түүний заримаас түүн бичсэн нь энэ болой. 
 
ЗАРИМ ТАЛ-1
 
Тэр нэг өдөр Баянхошууны хойд ууланд бидэн хоёр хэсэг хамт алхав. Халгай түүгээд хуушуур хийж идэх санаатай явсан юм. Орой нь Наминчимэд ах "Булан дэрсний эзэгтэй" нэртэй бор цааснаа бичгийн машинаар шивсэн зохиолоо уншиж өгч билээ. Сонин хачин тэр зохиол айдсаар дүүрэн байсан юм. Одоо санахад амьдралын асар их мэдлэгээр "түлхэж" бичсэн зохиол байжээ.
 
Амьдрал таньсан хүн сайн зохиол биччихдэг тохиолдол уран зохиолын түүхэнд цөөнгүй. Түүнээс гадна түүхийг яаж судалж байж бичих ёстойг Б.Наминчимэд ахаас л суралцмаар санагддаг. Түүхэн романы бичлэг гэж хөөсөн хавтанцар шиг болсон одоо цагт энэ хүний /гоочилсон хүнд ялимгүй "нуршуу"/ бичлэгүүдийг уншихыг зөвлөмөөр байдаг. Түүх гэдэг тоглоом биш. Хэл улгүй, ядаж ойр зуурын хоёр хэлээр оролдоогүй байж түүхэн роман бичихээр ширээний ард суугаа бол таныг "эр хар зоригтон" гэхээс өөр юу гэх вэ? Судалж байж л бичдэг болохоос сургаар бичдэггүйг яаж зарим нэгэнд ойлгуулья даа. 
 
Анхандаа энэ зохиолч хий сэрэл, аман хуучаас үүдэлтэй уран зохиол бичих эрмэлзэлтэй байсан юм Харин суурь нь илүү реалист талдаа байв. Тиймээс суурь хүчтэй хандлагаа дагаад удалгүй хамгийн натуралист байж болох бичлэгийн хэв маяг тогтоосон билээ.
 
ЗАРИМ ТАЛ-2
 
Хужирбулангийн эцэст байшин барихад нь тус болох гэж би ганц хоёр удаа очсон билээ. Бид хоёр тэрхүү байшингийн өндийж байсан сүүдэрт суугаад л өнөөх "гайхал" уран зохиолоо ярьсан юмдаг. Тэр үед Наминчимэдийн үзэл санаанд нилээд өөрчлөлт орж эхлээд байв. Зохиолууд нь тэр л үед илүү баримтат талыг барих болсон санагдана. Баримт гэдэг ердөө түүх.
 
Бидэнд алдаа сургамж дэндүү их байдаг. Даанч түүнийгээ түүхийн жим харгуйгаас түүж олоод үнэлж дүгнэж бичих сэтгэлгээ л дутагддаг. Тэгсэн атлаа түүхэн роман зузаан байдаг гэсэн"усан" ойлголтоор ханддаг талаар түүний шүүмжлэлтэй ярьсныг санаж байна. Анх л түүхийн олон ээдрээтэй асуудлуудыг нухацтай судлах оролдлогуудаа тэр үед хийж байжээ. зохиолчийн хувьд зам мөрөө олох цаг хугацаа их л урт байсан санагддаг. Тиймээс цаг хугацааны дараа эргээд харахад илүү суурьтай, илүү итгэл үнэмшилтэй "гаргалгааг" тэр зохиолчийн хувьд дэвшүүлж чадах хэмжээнд хүрчээ.
 
ЗАРИМ ТАЛ-3
 
Бид хэд нэг хэсэг Наминчимэд ахынд сууцгааж орос хэлээ огцом сайжруулахаар шийдэв. Тэр үед Наминчимэд Шар хадны аманд төвхнөөд байлаа. Максим Горькийн сургуульд явах магадлалгүй ч горьдлоготой хэд Орос хэл үзэхээсээ илүү орчлонт ертөнцийг л хүүрнэдэг байлаа. Тэр үед Наминчимэд уран сайхны эргүүлгэнд яагаад "ҮНЭН" чухал тухай ярьсан юм. Би одоо ч тэр тухай боддог.
 
Энэ л үзэл нь түүнийг түүх баримт гэдэг үнэнийг түүж, тууж бичих орь хүслийн эхлэл байжээ. Тэртусмаа Европт Монголчуудын үлдээсэн ул мөрийг мөшгин бичсэн зохиолууд нь бидэнд "САЙНААР ҮЛГЭРЛЭ..." гэх үгийн утгыг ойлгоход том түлхэц болно. Хэдийгээр түүхэн дүр урлах зохиолчоос чухам ур ухаан шаарддаг. Зарим нь сахалтай л хүн бичээд байгаадаа ханах юм. Харин Наминчимэд сахалтай нь сахалтай ч сэтгэлтэй дүр бүтээх гэж үйлээ багагүй үзсэн нь түүний бичвэрүүдийн онцлог болно.
 
ЗАРИМ ТАЛ-4
 
Дашийн Оюунчимэг эгчтэй айл болж амьдран суугаад удаагүй байлаа. Би тэднийхээс хэдэн ном цүнхэлж аваад гарах үед над руу том харснаа" миний номнуудаас яах вэ? Оюунаагийн номнуудаас аваагүй биз. Номондоо их харам юм билээ" гэж хэлснийг хэзээ ч мартахгүй. Яг ийм л зан чанар нь зохиолуудаас нь шууд мэдэгдэнэ. Ямар ч хармын сэтгэлгүй зохиолдоо олж мэдсэнээ бүгдийг дэлгэнэ.
 
Хүн ер нь бичсэн зохиолоосоо л харагддаг тухай Питер Хандкегийн нэг эсээ бий. Академич Виноградов ч "хэл найруулга бол чи өөрөө" гэж хэлсэн нь санамсаргүй амнаас унасан үгс биш. Энэ бүхэн л Наминчимэдийн сэтгэлгээний нэг талыг ойлгоход тулгуур болох учиртай. Зохиолчийн хувьд хамгийн илэн далангүй бичлэгтэй. Энэ нь учир битүүлэг нууц, зохиомжилсон сэтгэлгээнээс татгалзаж, энгийн байх зарчмыг чухалчилдаг гэсэн үг Товчхондоо Наминчимэдийн зохиолын найруулга бол энгийн илэн далангүй тэр өөрөө юм.
 
ЗАРИМ ТАЛ-5
 
Америкаас ирээд удаагүй, албаны дарга болж" томроод" сууж байхад нь би өрөөгөөр нь оров. Шинэ сонин сайхан үүх түүх хуучилсаар цаг нилээд оройтсон санагдана. Тэр энэ үед улс төрд бэлтгэгдэж байжээ. Эх орныхоо хувь заяанд эмзэглэх болсон мэдрэгдэж байв. Бид хоёрын дунд өөр нэг сэдэв хүч түрэн орж ирсэн нь тэр байлаа. Залуу хүн одоо л эх орон, ард түмнээ гэх сэтгэл гаргахгүй бол энэ байдлаараа хамаг юмаа алдахад хүрнэ гэхэд нь шоолонгуй инээсэн минь саяхан.
 
Гэтэл ойрх хэдэн жилд түүний хэлснээр байдал хурцджээ. Удалгүй зохиолуудаасаа илүү асуудалд цараатай хандсан нийтлэлүүд нь дараа дараагаар хэвлэгдэх болов. Аргагүй л эх орончийн халуун сэтгэлийн хүүрнэл байлаа. Гэвч би заримдаа уншиж суугаад тал дунд нь саатдаг. Учир нь түүний үгүүлбэрийн бүтэц, хэдхэн үгтэй хялбархан өгүүлбэртэй биднээс арай ондоо. Илүү баялаг. Тийм төвөгтэй баялаг бүтэцтэй өгүүлбэрүүд зохиолчийнхоо гүн сэтгэлгээг харуулна. Б. Ренчин абугайн үзснээр үгүүлбэрийн доторх үгийн тоо зохиолчийнхоо эх хэлний мэдлэг, эрдэм чадлын илэрхийлэл ажгуу. 
 
ЗАРИМ ТАЛ- 6 
 
Номын үзэсгэлэн тараад бид хёр Төв шуудангийн буланд хэсэг ярьж зогсов. Намрын ёстой нэг нал шал хийсэн сайхан өдөр байлаа. Монголын боловсролын хоцрогдлын талаар надад ямар олон жишээгээр баталж ярьсан гээч. Дараахан нь өнөөх цуврал нийтлэлүүдээ бичсэн санагдана. Бид ирээдүйгээ хайхрахгүй байгаа нь том эмгэнэл гэсэн билээ. Удалгүй Дэлхийн хүүхдийн уран зохиолын орчуулгын цуврал хэвлэгдэж эхэллээ.
 
Өмнө нь мэргэжлийн бидний огт дуулаагүй олон зохиолчийн номнууд хэвлэгдэв. Номын ертөнцийн олны анхаарал түүний зүгт ханджээ. Зохиолчоосоо илүү хэвлэн нийтлэгч, сайн үйлийн зам мөр эрхлэгч гэсэн бас нэг шинэ тал түүнд нэмэгдэв. Одоо энэ номнуудаар хүмүүжигчид ирээдүйд гарцаагүй талархана. "Гайхал тэнэгүүд өнөөдрийн хоолоо цуглуулдаг бол гавьятай мэргэд маргаашийн хувь заяанд шаналдаг" гэсэн эртний Тажик үг юутай үнэн билээ. 
 
ЗАРИМ ТАЛ-7 
 
Саяхан Наминчимэд ахын хөтөлдөг телевизийн нэвтрүүлэгт уригдан очив. Мэдээж ном тойрсон асуудлаар л ярилцсан санагдана. Бид хоёрын хувьд бараг улиг болсон уран зохиолоо их мэддэг дүр харуулж, баахан зүйл дэлгэн "донгодов". Нэвтрүүлэг тараад Наминчимэд машиныхаа дэргэд очсоноо эргэж хараад "зохиолчоос илүү хүн байх нь чухал гэж чи боддог уу?" хэмээн гэнэт асууж билээ. Би олны тогтсон үг дагуулаад "хүн байх нь чухал" гэж хариулсан билээ. Учир битүүлэг инээдгээрээ өөдөөс хараад " тэгж боддог байжээ" гэснээс өөр зүйл хэлэлгүй суугаад явчихаж билээ. Харин тэр миний бодлоор "зохиолчоос илүү хүн байхыг л эрхэмлэдэг" билээ. Харин бид нар сайн л зохиолч байхыг л франц хоолоор тураах сарын дэглэм гэдэг шиг баримталдаг. 
 
ЗАРИМ ТАЛ-8 
 
Тэртээ 1994 он шиг санагдана. Наминчимэд сургалтын төлбөрөө төлөхөөр Говь-Алтай аймгаас хэдэн тарваганы арьстай ирэв. Манай энэ говь талын тарваганы дэргэд бараг л булганы арьс шиг харагдав. "Ямар нүнжигтэй арьс вэ?" гэхэд манай Алтайн хүн, тарвага хоёр нь нүнжигтэй" гээд инээж байж билээ. Хүний нүнжиг арьс нь одоо ч нимгэрээгүй хүний тухай би мэддэгээ зах зухаас нь бичив. Та юу гэж боддог вэ?
 
П.Батхуяг
Сөүл хот 2016 он.