sonin.mn
 
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.
 
Нэгдүгээрт Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. Уг төслийн гол зорилго нь Монгол улсын хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, худалдаа хийх ажиллагааг хялбаршуулах цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Замын-Үүд, Алтанбулаг, Бичигтийн боомтын дэд бүтэц, үйл ажиллагаа сайжирч, найдвартай, тогтвортой ажиллах орчин, боломж бүрдэх ба нөгөө талаас гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх суурь системийг хөгжүүлж, бэлтгэл ажил хийсэн байна. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 27 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах юм.
 
Хоёрдугаарт Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Тус төслийн хоёр дахь шат нь Даланзадгад, Сайншанд, Арвайхээр, Цэцэрлэг хотуудад бохир усны бүрэн биологи цэвэрлэгээний байгууламж барих, ариутгах татуургын шугам сүлжээ өргөтгөх, менежментийг сайжруулах бөгөөд төслийн хүрээнд 20 сая ам.доллар Азийн хөгжлийн банкны хөнгөлөттэй зээл авна.
 
Үүний дараа УИХ-аар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Үүний үр дүнд Монгол Улс Хонконгод ял эдэлж, цагдан хоригдож байгаа иргэдээ эх нутагт нь авчрах эрх зүйн үндэс бүрдэж байна.
 
Н.Гантуяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг