sonin.mn
 
 
Үдээс өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцээрүүдийг хийж баталлаа.
 
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль баталснаас хойш багагүй хугацаа өнгөрч нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагасан шинэ харилцаа үүссэн, хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим хүндрэлийг арилгаж, зохих өөрчлөлт хийх шаардлага урган гарсан учир уг хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан юм.
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох өмнөх хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалж, эрүүгийн хэргийн талаархи шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь шинэчилж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулжээ.
 
Уг хуулийн төслийг УИХ-аар өнөөдөр эцэслэн хэлэлцэж, 40 орчим зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгав. Ингээд гишүүдийн 77.5 хувийн саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудыг мөн баталлаа. Мөн өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хүчингүй болгов.
 
Дараа нь Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-аас 1993 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийг батлан гаргасан. Эрх зүйн тогтолцооны шинэ гчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд уг хуулинд 8 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.
 
Харин Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан байна.
 
Дээрх шаардлагыг үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.
 
Уг хуульд прокурорын талаар нэр томъёо, прокурорын эдлэх эрх, хэмжээ, чиг үүрэг, прокурорын нийгмийн баталгаа зэргийг нарийвчлан шинээр зохицуулж өгснөөрөө онцлог болж байна.
 
Эцсийн хэлэлцүүлгийн үеэр тус хуулийн төсөлтэй холбогдуулан 40 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсныг тус бүрчлэн санал хураалгалаа. Тухайлбал прокурорын эрх хэмжээний тухайд “мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах саналыг шүүхэд хүргүүлэх”, “хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн саналыг хянаж, үндэслэлтэй бол шүүхэд хүргүүлэх”, “эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны холбогдох материалтай танилцах”, “эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахаар эрх бүхий байгууллагад даалгавар бичих” “эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн, эрх бүхий байгууллагын ажилтан хууль тогтоомж зөрчсөн талаархи гомдлыг хянаж, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах арга хэмжээ авах”-аар санал тусгажээ.
 
Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн хувь нь дэмжиж 81 хувийн саналаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Мөн дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулиудыг санал хураалган батлав. 
 
Дээрх хоёр хуулийг баталснаар дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн Хууль сахиулах системийн шинэчлэл бүрэн дуусгавар болж байна. Мөн Монгол Улс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Прокурорын байгууллагны тухай шинэ хуулиудтай боллоо. 
 
Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас эхэлнэ. 
 
Н.Гантуяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг