sonin.mn
 
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Тус газар ойгоо тохиолдуулан ямар ямар ажил хийж байгаа талаар нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэгээс тодрууллаа. 

Юуны өмнө Та байгууллагынхаа талаар товч танилцуулна уу ?

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар 1997 оны 01 сарын 17-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Тухай үед 50 гаруй  ажилтантай байсан бол өдгөө 300 гаруй ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтцийн хувьд Захиргааны тасаг, Санхүү аж ахуйн алба, Үйлчилгээний алба, Инженер техникийн алба гэсэн гурван албатай. Энэхүү байгууллага нь төрийн албан хаагчдын ая тухтай ажиллах нөхцөл байдлыг ханган ажилладаг бөгөөд өдгөө зоогийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд дээд зэрэглэлийн зоогийн үйлчилгээ үзүүлдэг болсон.

Ойн хүрээндээ ямар ажлууд хийж байгаа вэ ?

Манай газар 20 жилийн ойгоо угтаж 20 бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал, нийт ажилчдынхаа дунд урлагийн наадам зохион байгуулсан. Мөн 05 сарын 21-нд 20 жилийн ойн хүндэтгэлийн концертийг зохион байгуулах гэж байна. Улмаар  нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран нийслэлийн хэмжээд “Мөрөөдлийн хот” нэртэй хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулж байна. Энэ мэтчилэн шат дараалсан 20 бүтээлч  ажлыг энэ оныг дуустал хийж хэрэгжүүлэхээс гадна Туул голоо цэвэрлэх, номын аян зохион байгуулах зэрэг нийгэм рүүгээ чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Манай байгууллагын ажилчдын 80 гаруй хувь нь үйлчилгээний ажилтан байдаг. Тэдний гэр бүлийн зарим хүн тодорхой эрхэлсэн ажилгүй тул үйлдвэр үйлчилгээний салбарт эрэлттэй байгаа тогооч, зөөгч, угтах үйлчилгээний ажилтан зэрэг мэргэжлүүдээр богино хугацаанд мэргэжлийн сургалт явуулж, ажилгүй иргэдэд чадамж эзэмшүүлж, сертификат олгон ажлын байраар хангах, ажилд зуучлахаар төлөвлөж байгаа юм.
 
Энэ дашрамд, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа болон нийт ажилтан албан хаагчдадаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөгөөд 05 сарын 21-ний өдөр Улаанбаатар паласт болох  “Сэтгэлийн аялгуу” нэртэй хүндэтгэлийн тоглолтонд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.