sonin.mn
 
БАМАКО. /Prensa Latina/. Мали улсад НҮБ-ын хэрэгжүүлж буй "Multidimensional Integrated Stabilization" ажиллагаанд оролцож байсан таван хүн тус улсын Кидал мужид отолтод орж амь үрэгджээ. 
 
 
Өөр гурван энхийг сахиулагч маш хүнд шархадсан гэж Малигийн цагдаагийн эх сурвалжууд пүрэв гарагт мэдэгдлээ.
Амь үрэгдсэн энхийг сахиулагчид бүгд Чадаас ирсэн байжээ. Тэдний сууж явсан машин тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэд өртөх мөчид зэвсэгт этгээдүүд хажуу талаас нь гал нээсэн байна.
 
Он гарснаас хойш НҮБ-ын энхийг сахиулагчдын эсрэг 10 гаруй удаа халдлага болж, 12 хүн амиа алдсан байна.
 
Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн мэдэгдэл хийж "халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг шүүхээр оруулж шийтгэхийн тулд нэн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Олон улсын хууль эрхзүйн дагуу НҮБ-ын энхийг сахиулагчид руу халдсан эдгээр үйлдлийг дайны гэмт хэрэгт тооцно" гэдгийг санууллаа. 
 
НҮБ-ын хувьд Мали дахь байдлыг тогтворжуулах үйл явц болон өнгөрсөн онд тус улсын засгийн газар болон туарег омгийн босогчдын хооронд гарын үсэг зурсан энхийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх явдлыг цаашид ч дэмжих болно гэдгийг Бан Ги Мүүн онцлон тэмдэглэлээ.
 
НҮБ-ын "Multidimensional Integrated Stabilization" гэдэг  ажиллагааг 2013 оны дөрөвдүгээр сарын 25-ны Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр Малид өрнөж буй улс төрийн үйл явцыг дэмжих, аюулгүй байдлы хангах зорилгоор явуулж байгаа юм. 
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг