sonin.mn
 
ТАЙПЕЙ. /Taiwannews/. Тайванийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Цай Инвэнь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр үг хэлэхдээ "1992 оны Тайвань-БНХАУ-ын хэлэлцээр бол түүхийн баримт мөн" гэдгийг дурдаад Тайвань “энх тайвныг тууштай хамгаалагч” байх болно гэж мэдэгджээ.
 
Тэрбээр өнөөдөр өглөө 09 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа ордны өмнө цугласан олон түмэнд хандан 30 орчим минутын хугацаанд үг хэлсэн байна.
Ерөнхийлөгч Цай Инвэнь нийгэм, эдийн засгийн зохицуулалтын арга хэмжээ, эрх тэгш байдал, шударга ёс, бүс нутгийн асуудал, шүүхийн шинэчлэл, БНХАУ болон дэлхий дахинтай харилцах харилцаа зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар өөрийн байр суурийг илэрхийллээ. 
 
Тэрбээр БНХАУ-д хандан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг уриалаад, БНХАУ болон Тайванийн эрх баригч хоёр нам цаашид хоёр орны иргэдийн сайн сайхны төлөө өнгөрсөн асуудлыг мартаж, яриа хэлцээ хийх хэрэгтэй гэж мэдэгджээ.
 
Мөн тэрбээр "1992 онд Тайвань болон БНХАУ-ыг төлөөлсөн хоёр байгууллага харилцаа холбоотой ажиллаж, хэлэлцээ хийсний үр дүнд нэгдсэн зөвшилцөл, ойлголцолд хүрч чадсан. Энэ нь хоёр тал санал зөрөлдөөнөө хойш тавьж, харилцан ойлголцох хүсэл эрмэлзэл, нийтлэг байр суурьд хүрэх гэсэн улс төрийн хандлагатай байсны үр дүн юм" гэж дүгнэлээ.
 
Үүнээс гадна тэрбээр БНХАУ-тай харилцах харилцааны үндэс суурь болсон дөрвөн элементийг дурдсаны эхнийх нь 1992 оны хэлэлцээ байсан юм. Харин хоёр дахь элемент нь бол одоогийн БНХУ-ын /Тайвань/ Үндсэн хуулийн дэг журам мөн гэдгийг онцоллоо.  Гурав дахь элемент бол 20 жилийн турш хийж буй хэлэлцээ болон хоёр талын харилцааны үр дүн мөн гэдгийг Цай Инвень дурдаад "ардчилсан зарчим хийгээд Тайванийн ард иргэдийн хүсэл эрмэлзэл бол дөрөвдэх элемент болно" гэж тодорхойлжээ.
 
Цай Инвень 2000 онд Эх газрын асуудал хариуцсан зөвлөлийн даргаар сонгогдсон байна. Улмаар 2004 онд Ардчилсан дэвшилт намд элсч, тус намаас парламентын сонгуульд нэр дэвшин оролцож, ялж байжээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг