sonin.mn
 
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын дэргэдэх Ардчилсан институтууд, Хүний эрхийн газар (АИХЭГ)-аас Монгол улсын 2016 оны УИХ-ын Сонгуулийг ажиглах хороог томилжээ.
 
АИХЭГ нь ЕАБХАБ-ын гишүүн 57 орны тогтвортой байдал, ардчиллыг тууштай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага бөгөөд гишүүн улсуудын сонгуулийн явцад ажиглагчаар оролцож, зөвлөмж өгдөг байна. Энэ оны дөрөвдүгээр сард ГХЯ-ны урилгаар АИХЭГ-ын судалгааны баг ирж, сонгуулийг ажиглах талаар судалгаа явуулсан байна. Судалгааны багаас УИХ-ын 2016 оны сонгуульд АИХЭГ-аас Үндсэн баг, урт болон богино хугацааны баг гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан хэмээн Сонгуулийг ажиглах хорооны дарга хатагтай Оадри Гловер мэдээлэв.
 
Тэрбээр, “Манай хороо анх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиглалт хийж байсан. Энэ үеэр сонгуульд оролцогч бүх талуудтай нягт хамтран ажилласан. Энэ удаад ч бас бүх нам, эвслүүд бидэнтэй хамтран ажиллана гэж итгэж байна. Сонгууль ажиглах үндсэн багт 11 орны 12 шинжээч багтсан. Үүнд хуулийн, сонгуулийн, улс төр, хэвлэл мэдээллийн шинжээч багтсан. Харин урт хугацааны баг энэ сарын 25-нд ирж ажиллана. Сонгууль болохоос богино хугацааны ажиглагчид ирж, хэсгийн хороодод ажиллах юм. Бид сонгуулийн шинэ хууль, компанит ажил, хэвлэл мэдээллийн сурталчилгаа, саналын хуудас тоолох технологи зэрэгт төвлөрөн ажиллаж, СЕХ болон бусад албаны хүмүүст зөвлөмж хүргүүлнэ. Уг зөвлөмжийг дагах эсэх нь Монгол Улсын шийдэх асуудал юм. Ямартай ч Монгол Улс ЕАБХАБ-ын хувьд сонгуулийн ил тод, шударга, тэгш хүртээмжтэй явуулах ёстой” хэмээв.
 
Мөн тэрбээр, “Монгол Улс сонгуулийн саналыг автомат машинаар тоолдог. Үүнд эргэлзэж байгаа хүмүүс олон бий. Улс орнууд ямар системээр сонгуулийн саналаа тоолох нь тэдний шийдэх асуудал. Гэхдээ зарим орнууд уламжлалт буюу гараар тоолохыг илүүд үздэг” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг