sonin.mn
СЕНДАЙ./TASS/. “Их-7”-гийн орнууд татвараас зайлсхийх явдалтай тэмцэх тал дээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх эрмэлзэлтэй байна гэж Японы Сендай хотод болсон G7-гийн  бүлгийн Сангийн сайд нар болон Төвбанкны ерөнхийлөгч нарын уулзалтын дүнгийн баримт бичигт дурджээ.
 
“Панамын баримтууд”-тай холбоотойгоор бид өргөн хэмжээний санал шүүмжлэл, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 7-гийн бүлгийн орнууд хил дамнасан мөнгөний урсгалыг ил тод болгохын төлөө байгаа бөгөөд татвараас зайлсхийх явдалтай тэмцэхэд бүхий л хүчин чармайлтаа чиглүүлэх болно” гэж Японы Сангийн сайд Таро Асо мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, ирэх 6 дугаар сард Киото хотод татвараас зугтах явдалтай тэмцэх асуудлаарх Олон улсын бага хурал Эдийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ОЕСD/ ивээл дор болох ажээ. Тус хурлын үеэр Татварын бааз суурийг ганхуулах болон ашиг орлогыг гадагш шилжүүлэх явдалтай /Base Erosion and Profit Shifting -BEPS / тэмцэх талаарх  “Их-20” болон ОЕСD-гийн хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхээр тохиролцжээ.
 
Киодо агентлагийн өмнө нь мэдээлсэнчлэн, “Их-7”-гийн орнуудын удирдагчид 26-27-ны өдрүүдэд Японд болох Дээд хэмжээний уулзалтынхаа үеэр “хуурамч компаниуд болон хууль бус хөрөнгөтэй тэмцэх” тогтолцоог бий болгох нь чухал гэсэн санааг уулзалтын Тунхаглалд оруулахаар төлөвлөж байгаа аж.
 
Түүнээс гадна, “авлигатай тэмцэх, төсвийн мөнгөөр худалдан авч буй бараа үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод болгох” талаарх заалт болон “Олон улсын авлигын эсрэг гэрээ” хэмээх баримт бичгийг боловсруулан батлах нь зүйтэй гэсэн санааг мөн тусгах бололтой.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг