sonin.mn
 
БАГДАД. /ВВС/. Иракийн Эль-Фаллужа хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх цэргийн ажиллагаа эхэлснийг тус улсын Ерөнхий сайд Хайдер аль-Абади мэдэгджээ.
 
"Эль-Фаллужа хотыг тун удахгүй чөлөөлнө.
 
Ялалт хаяанд ирээд байгаа бөгөөд “Лалын улс” бүлэглэл зугтахаас өөр аргагүй болсон" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Иракийн цэргийнхэн тус хотын оршин суугчдыг хотоос гарч явахыг анхааруулжээ.
 
“Лалын улс” бүлэглэл 2014 онд Эль-Фаллужа хотыг хяналтдаа оруулсан бөгөөд энэ хот одоогоор тус бүлэглэлийн Ирак дахь хоёр том түшиц газрын нэг болоод байгаа юм.
Иракийн цэргийнхэн телевизээр мэдэгдэл хийхдээ "хотоос гарах боломжгүй болсон иргэд байшингийнхаа орой дээр цагаан туг хатгах хэрэгтэй" гэж анхааруулсан байна. Багдад хотоос баруун зүгт 65 км зайд орших уг хотыг цэрэг, цагдаагийн болон сайн дурын хүчнийхэн бүслэн авчээ.
 
Багдад дахь курдуудын “Shafaq” мэдээллийн цахим хуудсанд бичсэнийг үзвэл, цагдаагийн хүчний 20 мянга орчим албан хаагч Эль-Фаллужа хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцохоор тус хотын захад бөөгнөрөөд байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг