sonin.mn
 
МОСКВА./TASS/. Канадын шигшээ баг 2:0 /1:0, 0:0, 1:0/ харьцаатайгаар Финландын хоккейчдыг буулган авснаар ОХУ-д болсон шайбтай хоккейн 80 дахь удаагийн ДАШТ-ний алтан медалийг хүртлээ.
 
 
Ням гарагт болсон шигшээ тоглолтод Коннор Макдэвид /12 дахь минут/, Мэтт Дюшейн /60 дахь минут/ нар гоол оруулсан байна. Москва хотын "ВТБ-Арена" спортын ордонд болсон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцож, аваргын цомыг хоккейн спортыг үндэслэгч канадчуудад гардууллаа. 
Хүрэл медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын баг 7:2  харьцаатайгаар америкчуудын хожжээ.
 
Финчүүдийг ялснаар канадчууд 26 дахь удаагаа ДАШТ-ний түрүүг авч байгаа бөгөөд ОХУ-ЗХУ-ын багуудын аваргалсан тоонд /27 удаа/ тун дөхөж ирлээ. Түүнээс гадна, Канадын шигшээ хоёр дахь удаагаа дараалан аваргын цом авч байна. 1992 оноос хойш Финланд болон Канадын багууд хоорондоо 20 удаа учраа таарч байснаас финчүүд 7 ялж, 11 ялагдаж, 2 удаа тэнцэж байв. Канадчууд өмнө нь 1994 болон 2007 онуудад финчүүдийг ялан аваргалж байсан бол Финландын шигшээ 1995 болон 2011 онуудад ДАШТ-нд түрүүлж байжээ. 
 
ДАШТ-2016-гийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Финландын багийн Патрик Лайне шалгарсан байна. 18-хан настай тэрбээр 10 тоглолтод оролцож нийт 12 оноо /7 гоол +5 оновчтой дамжуулалт/ авчээ. П.Лайне энэ онд залуучуудын ДАШТ-нд түрүүлж, тус тэмцээний бэлгэдлийн шигшээд багтаж байсан бөгөөд түүнийг дэлхийн хамгийн ирээдүйтэй залуу тоглогч хэмээн мэргэжилтнүүд үнэлж, 2016 оны Үндэсний хоккейн лигийн /NHL/ драфтад хоёроор сонгогдох болов уу гэж таамаглаж байгаа
аж.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг