sonin.mn
 
“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага  Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхлээд байна. 
 
 
Энэхүү нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрис, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, АНУ-ын Элчин сайд Женифер Галт, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр нарын албаны хүмүүс оролцов.
 
Мөн Монгол Улсад суугаа БНЭУ-ын Элчин сайд Сомнат Гош, Австрали улсын Элчин сайд, Жонн Лангтри, БНЧУ-ын Элчин сайд Ивана Гроллова, БНФУ-ын Хэргийг түр хамаарагч Рафаел Дросзевски, ХБНГУ-ын Элчин сайд Герхард Тийдеманн, Япон улсын Элчин сайд Такенори Шимизу, ИБУИНВУ-ын Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга Питер Викенден болон гадаадын цэргийнхнийг төлөөлж Японы хошууч генерал Такаши Мотомацу, БНХАУ-ын ахлах хурандаа Тан Зивей, Балба улсын бригадын генерал Хамал Ишвар зэрэг хүндэт зочид бас ирсэн байлаа. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, "Энэ жил 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулж буй “Хааны эрэлд” сургалт, дадлага нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг сахиулах үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээний нэг яах аргагүй мөн гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх болжээ. 
 
Энэхүү сургалт, дадлагыг хамтран зохион байгуулж, энхийг сахиулагчдын мэдлэг туршлагаа хуваалцах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэн, даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаа нийт энхийг сахиулагчид та бүхэнд талархал дэвшүүлж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
 
Энхийг сахиулагчид нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй орчинд үүрэг даалгавар биелүүлж, шинэ шинэ сорилт, шалгууртай байнга нүүр тулж байдаг хэн бүхний хийж чадах амар хялбар ажил биш. Гагцхүү цэрэг хүний цог жавхаа, хийморь золбоо, нугаршгүй хатан зориг, мятаршгүй идэвх зүтгэлээр л биеллээ олдог учраас би та бүхний шударга ариун үйл хэргээр ямагт бахархаж байдгаа зориуд хэлэхийг хүсэж байна. 
 
Монгол Улс НҮБ-ын байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжин, нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн, цаашид ч энэхүү бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно. 
 
Дэлхий ертөнцийн энхийн зорилгод нэгдэн манай сайхан оронд морилон саатсан Та бүхэнд баярлалаа. Энхийн элч Та бүхэн сургалт дадлагадаа хамрагдан мэдлэг туршлагаа арвижуулахын зэрэгцээ Монгол үндэстний нүүдлийн соёлтой танилцаж, улс орнуудын найрамдлын гүүр болно гэдэгт итгэж байна. Дэлхий ертөнцөө амгалан тайван, аюулгүй байлгаж, илүү өндөр хөгжил, дэвшилд хөтлөн гаргацгаая" гэдгийг онцлон хэллээ.
 
Энэ удаагийн сургуульд зургаан тивийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцож байна. Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбодж, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппен, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон улсаас ирсэн цэргийн албан хаагчид хамтран албаа хаах юм.
 
 
Сургалт, дадлагад Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, Тэнгисийн явган цэргийн командлал, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд хамтарсан сургалт, дадлага зохион байгуулахаар төлөвлөжээ. 
 
Штабын сургалт дадлагыг Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна. Харин команд штабын сургалт, дадлага болон салаадын хээрийн сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулах сургалтыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын нэгдсэн төвд хийнэ. Эмнэлгийн хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 013 дугаар ангид төвлөрүүлэн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургуульд дээр, мал эмнэлгийн хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 013, 232 дугаар ангийн байрлалд зохион байгуулах хуваарь гарчээ. 
 
Барилгын хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын материаллаг баазыг түшиглэн Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрэх багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчдын 40 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр тус тус төлөвлөсөн  байна.
 
Хамгийн сонирхолтой нь хээрийн дадлага сургалтын явцыг энэ сарын 26-ны өдөр сэтгүүлчдийн өргөн оролцоотой сурвалжлуулах юм. "Хааны эрэлд-2016" олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт ирэх 6 дугаар сарын 4-нд өндөрлөж хаалтын ёслол хийх юм.
 
Ж.Батсайхан

Монгол банкны үйл ажиллагааг иргэд дүгнэж байна