sonin.mn
 
АНКАРА. /NHK/. Мөргөлдөөн, байгалийн гамшгаас үүдэлтэй хүмүүнлэгийн хямралыг хэрхэн зохицуулах тухай асуудлыг хэлэлцэхээр дэлхийн улс орнуудын удирдагчид Турк улсад хуран цугларлаа. Энэхүү Дээд хэмжээний уулзалт НҮБ-ын ивээл дор болж байгаа юм.
 
 
180 орны удирдагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож байгаа уг арга хэмжээний үеэр хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн үр дүнтэй, цогц болгох талаар хэлэлцэх ажээ.
 
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Германы Канцлер Ангела Меркель, Японы Ерөнхий сайд асан Ясүо Фүкүда нар уулзалтад оролцож байна.
Мөргөлдөөн болон байгалийн гамшгийн улмаас энэ жилийн хувьд хүмүүнлэгийн тусламж авахаас аргагүйд хүрээд буй 120 сая орчим хүн байна гэж НҮБ мэдэгдлээ. Энэ бол Японы хүн амтай тэнцэх тоо юм.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассон дээд хэмжээний уулзалтын өмнө мэдэгдэл хийхдээ, уг уулзалтын зорилго нь хүн төрөлхтний хүсэн хүлээж буй үр дүнг авчирч чадахуйц үйл ажиллагааг дэмжих явдал юм гэж онцлон тэмдэглэжээ.
 
Нөгөөтэйгүүр, Дээд хэмжээний уулзалтын үеэр иргэний дайнаас дайжсан Сирийн иргэдийн асуудлыг хэрхэн зохицуулахтай асуудлаар санал зөрөлдөөн гарч магадгүй байна. 21 дүгээр зуунд дэгдсэн хамгийн том хүмүүнлэгийн хямрал бол Сирийн мөргөлдөөн юм.
 
Лалын хэт давруу үзэлтнүүд болон бусад жижиг бүлэглэлүүд Туркт хэд хэдэн удаа цуврал халдлага үйлдсэнтэй холбогдуулан дээд хэмжээний уулзалт болж буй газрыг цэрэг, цагдаагийн ажилтнууд бүрэн хамгаалалтад авсан байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг