sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
 
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийсэн юм. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих шийдвэр гаргажээ.
 
Тус хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх юм. Уг хуулийн төслийг 2013 онд санаачилж УИХ-д өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байсан юм.
 
Бүлгийн дарга С.Бямбацогт “Нэмэлт өөрчлөлтөөр төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд оффшор данстай байхыг, оффшор компанид хувьцаа эзэмшихийг хориглосон заалт орсон.
 
Үүнийг дэмжих нь зүйтэй. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд гадаад улсын иргэн байхыг хориглосон, гадаадын иргэнтэй гэр бүл байхыг хориглосон заалтууд орсон байна. Мэдээж гадаад улсын иргэн Монгол Улсад төрийн өндөр албан тушаал хашна гэдэг хариуцлагагүй зүйл.
 
Харин Монгол Улсын иргэн гадаад улсын иргэнтэй хамт амьдарч төрийн албан тушаал хашиж болох уу, үгүй юу гэдгийг сайн бодолцох хэрэгтэй. Энэ бол хүний эрхийн асуудал. Зарим зүйлд зарчмын өөрчлөлт хийгээд энэ хуулийг хэлэлцэн батлах ёстой" гэв.
 
Бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "Энэ долоо хоногийн байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудалд АТГ-ын даргыг томилох асуудал мөн л багтаагүй байна. Энэ долоо хоногт Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Төсвийн байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
 
Гэтэл АТГ-ын даргыг томилох тухай энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт багтаагүй байгаа нь Ардчилсан намыг хууль зөрчиж байна гэж үзэж байна. МАН-ын бүлэг “Чингис” бондын зарцуулалтын асуудлыг дахин хөндөж, бондын зарцуулалтын талаарх судалгааны материалыг АТГ-т өгөхөөр төлөвлөж байгаа. Тиймээс АТГ-ын даргыг яаралтай томилохыг шаардаж холбогдох албан тушаалтанд шаардлага хүргүүлнэ" гэв.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг