sonin.mn
Диана Видмайер Пикассо (Парис, 1974) өвөөгөө нас барснаас хойш нэг жилийн дараа мэндэлжээ. Магадгүй Пабло Пикассог уран бүтээлээр нь дамжуулан таних гэж бараг бүх амьдралынхаа туршид хичээж байгаа шалтгаан нь энэ ч байж болно.
 
Одоо тэрээр Пикассогийн уран зураг, уран баримлын дэлхийн хэмжээний судлаач болжээ. Диана Видмайер нь Малагагийн сод ухаантан, залуу швед бүсгүй Мари-Тересе Валтерийн хориотой харилцааны үр удам болох Маяа Пикассогийн охин юм. Ээж нь гадуурхагдаж, хууль ёсны бус байдалд байсан ч Диана үүнийг жаргалтайгаар дурсдаг. “Пикассо нэрийг авч явах нь надад дарамт авчирдаггүй. Би өөрийгөө азтайд тооцож, бахархдаг” хэмээн ярьж байна. Тэрээр эхлээд Сорбоны их сургуулийн Урлагийн түүхийн ангид сурч Агуу зураачдаар мэргэшжээ. Дараа нь Лондон, Парис дахь Сотбис дуудлага худалдааны төвд ажиллав. 2003 онд Пикассогийн амьдралынхаа туршид бүтээсэн хоёр мянга орчим уран баримтлаар каталог хийх их ажилд шамдан оржээ.
 
“Пикассогийн хувьд урлаг, уран зурагт өнгөрсөн, одоо, ирээдүй гэж байгаагүй. Би ч өвөөгийнхөө сэтгэлгээний арга барилд суралцаж, өвлөж авсан” хэмээн хэлж байна. Суут зураач Пабло Пикассо дөрвөн хүүхэдтэйгээс гурав нь гурван өөр эмэгтэйгээс гэрлэлтээс гадуур. Диана Видмайер нь алдарт зураачийн долоон ач, зээ нарын нэг бөгөөд өвөөгийнхөө уран баримлыг хамгийн их судалсан нь юм. Тэрээр өвөөгийнхөө уран бүтээлийг судалж байхдаа түүний байнгын шинийг эрэлхийлсэн хүслийг олж мэдсэн байна. Дианад 2007 онд таагүй зүйл тохиожээ.
 
Парисын дээд зэрэглэлийн VII дүүргийнRue de Grenelle байшинд нь хулгайч нар нэвтрэн орж 50 сая еврогийн үнэ цэнэтэй уран зургуудийг аваад явчихжээ. Тэдгээрийн дотор Дианагийн ээжийн нь “Хүүхэлдэйтэй Маяа” хөрөг зураг байсан аж. Цагдаа нар зургаан сарын дараа хулгайч нарыг барьж уран зургуудыг нь олж буцааж өгсөн ч Пикассогийн ач охин тэрхүү шархыг даван туулахын тулд Нью-Йорк руу шилжин суурьшив. Эдүгээ тэрээр тэрхүү үйл явдлаас өдөөгдсөн намтраа бичиж сууна. 2017 онд хэвлэгдэх аж.
 
 
-Та Нью-Йорк, Парисын хооронд амьдарч байна. Испанид гаргах цаг зав үлдэж байна уу?
 
-Би Испанийн урлагт дуртай, тэр тусмаа Веласкес, Эль Греко, Гояа зэрэг Агуу мастеруудад хайртай. Фламенко (Испанийн өмнөд нутгийн ардын дуу, бүжиг) ч миний ертөнцийн нэг хэсэг. Фламенкогийн агуу мастерууд болох Пако де Лусия, Висенте Амиго, Диего Эль Сигала нарыг сонсох дуртай. Педро Алмодоварын бүтээл гайхалтай санагддаг. Парист болсон кино урлагийн үзэсгэлэн дээр Педро ирж дүрслэх урлаг, тэр тусмаа Пикассогийн бүтээлд хүндэтгэл үзүүлж байлаа. Би Испанитай холбоотой гэдгээ мэдэрдэг. Учир нь Испани бол сэтгэлийн гуниг зовлон, гоо сайхныг илэрхийлэх чадвартай үндэстэн.
 
-Та Испанид их ирдэг үү?
 
-Өнгөрсөн жил “Picasso Mania” үзэсгэлэнгийн нээлт дээр ирсэн. Өвөө маань зугаа цэнгэлд их дуртай хүн байсан. Тэр Андалуз мужийн уугуул болохоор би тэр мужид хүндэтгэл үзүүлэхийг хүссэн. Одоо би Нью-Йоркт амьдардаг. Жилдээ хоёр удаа Испанид ирэхийг хичээдэг. Мадридын Эль Прадо, Барселоны Пикассогийн музейгээр зочлох их дуртай.
 
-Малага дахь өвөөд тань зориулсан музейны талаар яриач?
 
-Миний үеэл Бернар, түүний эцэг эх Пол болон Кристин Рус-Пикассо нар Малага дахь Пикассогийн гайхалтай музейг байгуулсан. Өвөөгийн унаган Малага хотын чимэг болсон музей байна лээ. Өвөөгийн төрж өссөн байшин ч тун гайхалтай санагдсан. Би Андалуз нутгаар аялах дуртай. Андалузын замаар их ч явсан.
 
-Таны ээж өвөөгийн тань талаар их ярьдаг байсан биз. Сонирхолтой түүх мэднэ биз дээ?
 
-Өвөө 1938 онд “Bodegon” зурагныхаа нэг алимыг зурахдаа гурван настай хүүхдийн баас хэрэглэсэн тухай ээж минь ярьж байсан. Пикассогийн хувьд хөхөөрөө хооллодог хүүхдийн баас нь давтагдашгүй өнгө байсан гэдэг. Өвөө маань баасыг ч сод бүтээл болгон хувиргаж чаддаг гэсэн үг. Бодит амьдралыг биширдэг нь Пикассогийн сод ухааны нэг онцлог байсан.
 
-Алдарт “Герника” зураг 79 нас хүрч байна. Энэ бүтээл танд ямар утга учир агуулдаг вэ?
 
-Энэ бүтээлд дайны гамшиг, гэмгүй иргэдийн зовлон гунигийг дүрсэлсэн болохоор миний хувьд гайхалтай бүтээл. “Герника” нь уран зураг хүчирхэг зэвсэг байх ёстой гэдгийг бидэнд сануулдаг юм. Үүнээс гадна миний эмээ Мари-Тересе энэ зурагт гурван удаа дүрслэгдсэн байдаг. Хамгийн наад талд цөхрөнгөө баран гүйж байгаа охин, дээд талын цонхноос дэнлүү барин цухуйж байгаа охин, мөн амь эрсэдсэн хүүхдийнхээ төлөө уйлж байгаа ээж. Ээж минь тэр бүх сүйрэл гамшгийн дунд энх тайван, итгэл найдварын билэгдэл болж байсан гэж би боддог.
 
-Испанид бухын тулалдааны эсрэг хөдөлгөөн өрнөж буйг өвөө тань яаж хүлээж авах байсан бол?
 
-Өвөө бухын тулаанд шимтэн дурлагчдын нэг байсан. Уран бүтээлдээ ч тусгаж байсан. Зоригт бухнууд, бухтай тулалдагч нарт татагдах сэтгэл нь эцгээс нь улбаатай. Өвөөг хүүхэд байхад аав нь Тореро буюу бухтай тулалдагч болгохоор аваачиж байсан гэдэг. Тэрээр амьдралынхаа төгсгөл хүртэл бухын тулалдааныг эрхэмлэж, хайрласаар байсан. 1950-аад онд өвөө Францын өмнөд нутагт бухын тулааны баярт оролцож, бухтай тулалдагч нартай их нөхөрлөдөг байсан. Тэрээр энэ урлагийг Испанийн агуу их өв соёл гэж үздэг байсан.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин