sonin.mn
Налайх дүүргийн иргэдийг НИТХ-д өнгөрсөн дөрвөн жил төлөөлж буй Н.Баяраа хийж хэрэгжүүлсэн, санаачилсан ажлаа иргэд, сонгогчдодоо тайлагналаа. Хуралд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, намын Нарийн бичгийн дарга Н.Удвал, Б.Тулга болон тус намын төлөөлөл оролцсон юм.
 
Н.Баяраа Налайх дүүргийн иргэдийг нийслэлд дөрвөн жил төлөөлж, тэдний дуу хоолой болохдоо дүүргийнхэнд  тулгамдаад байсан олон чухал асуудлыг шийдвэрлэсний дотор ажилгүйдлийг бууруулах чиглэлээр “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” гэх томоохон төслийг амжилттай урагшлуулж чадсаныг дүүргийн иргэд хэлж байлаа.
 
Тухайлбал “Төр хувийн хэвшлийн түншлэлээр 250 ортой стандарт шаардлагад нийцсэн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий нэгдсэн эмнэлэг, залуусын санаачлагыг дэмжин “Хүүхэд Залуучуудын хөгжлийн төв” барих, дүүргийн таван хороонд хоногт 1000 метр куб бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барьсан” гэдгийг тус дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Х.Дамжин хэлж байна. Мөн “Манай хороонд 640 хүүхдийн суудалтай бүрэн дунд сургууль барих ажлыг эхлүүлсэн. “Петровис” шатахуун түгээх станцаас Цайз зах хүртэл 1.3 км хатуу хучилттай бетон зам, I,  III, VII хорооны гэрэлтүүлгийн ажил, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд олон улсын стандартад нийцсэн тартан замын суурь зэрэг томоохон ажлуудыг санхүүжүүлэн хэрэгжүүлж чадсан.
 
Бид хорооноосоо зээл тусламж авч амьдрал ахуйгаа өөд нь татаж байна. Парк ашиглалтад орсноор олон залуус ажилтай болно хэмээн хүлээж байна. Иргэдэд ойрхон ажилладаг. Настай хүмүүсийнхээ үг, сургаалыг сонсдог юм. Хамгийн гол нь сэтгэл зүрхээ зориулан ажиллаж чадсанд дүүргийн олон мянган иргэн талархалтай байна” гэдгийг V хорооны иргэн Ц.Бямбаа хэллээ. Энэ үеэр ард иргэдээ төрд төлөөлдөг дарга нар хийсэн ажлаа амаараа ярих биш, ашиг шим, үр өгөөжийг нь хүртэж яваа сонгогчид л үнэнийг хэлдэг гэдгийг олон хүн онцолж, дүүргийнхээ төлөөлөгчид баяр хүргэж байв. 
 
Тайлангийн хурлын үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Н.Баяраагаа юу хийж бүтээсэн байна. Цаашид юу хийх боломж байна гэдгийг үзэж харж, та бүхнийхээ санаа бодлыг сонсохоор ирлээ. Манай Н.Баяраа их ажил хийжээ. Тэр болгоныг үзэж, харах бололцоогүй байлаа. Тайланг хараад өөр олон зүйл хийх боломжтой юм гэдгийг харлаа. Налайх хот Улаанбаатар хотыг дагаж хөгжих биш дагуулж хөгжих газар гэж боддог юм. Улаанбаатарын хүн ам хэтэрч, агаарын бохирдол, ажилгүйдэл ихэссэн, Туул гол бохирдсон хүнд хэцүү байдалтай байна.
 
Улаанбаатар хотыг тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд түүний дагуул хотуудыг хөгжүүлэх ёстойг эрдэмтэн судлаачид хэлж байна. Тиймээс дагуул хотуудыг барилгажуулж, ажлын байрыг нэмэгдүүлж, татварыг нь багасгаж, дэд бүтцийг нь хөгжүүлж өгөх ёстой. Тэгж байж энд амьдрал бужигнана. Энэ бүгдийг хийхийн тулд бид хамтдаа зоригтой өөрчилье. МАХН монголчуудын боломж байх ёстой. Тиймээс ард түмэн бидэн дээр ирээсэй. МАХН-ын хаалга үргэлж нээлттэй байх болно” гэдгийг онцоллоо.
 
 
Харин НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд миний нэр дээр хаяглагдсан  1158 иргэний санал хүсэлт, санаачлага, шүүмж ирсэн. Үүний дийлэнхийг ажлын байр, эрүүл мэнд, залуусын санал, санаачлага эзэлж байлаа. Хамгийн их цаг зав, оюун санаагаа уралдуулсан ажил бол “Налайхын барилгын материал үйлдвэр технологийн парк”. Парк ашиглалтад орсноор шинээр 1500 орчим нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчид, 8000 орчим туслах болон үйлчилгээний ажлын байр бий болно.
 
Тиймээс эндээс ажлаа эхлэх ёстой гэдгээ ойлгосон. Энэ ажлыг хийхдээ судалгаан дээр маш удаан хоёр жил ажилласан. Мөн дэлхийн сайн жишгээс дууриалал авч дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийг худалдан авч гадаад дотоодын зочдод бэлэглэдэг ажлыг санаачлаад амжилттай эхлүүлээд явж байна. Нийслэлийн 375 жилийн ойгоор үндэсний уламжлалаа харуулсан олон бүтээлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээрээ хийлгэж, хөрөнгө оруулсан. Цаашид хийх, хийхээр эхлүүлсэн олон ажил бий” гэв.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин